-Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа-

Д.БОЛОРМАА

 

Тужийн нарс. Их түүхийн гэрч болж үлдсэн энэ нутаг гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгч­дын гарт устаж үгүй болох дээрээ ирээд байсан цаг саяхан. “Зууны мэдээ”-гийн са­наач­лагаар энэ ойг улсын тусгай хамгаалал­тад авахаас эх­лээд нөхөн сэргээх аяныг амжилттай эхлүүлж бай­лаа. Сэлэнгэ айм­гийн нутгийн 80 мянган га газрыг хамар­сан энэ ой бүхэлдээ нарс модноос бүтсэн учир жи­лийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байж бай­галийн үзэсгэлэнг бүр­дүүлж байна. Хэсэгхэн газартаа хар модтой, за­хаараа хэдэн хустайг эс тооцвол бүхэлдээ нарс учраас Тужийн нарс гэж нэрлэсэн байж таарна. Энэ ой өмнө нь ямар байсныг манай үеийнхэн мэдэхгүй, харин мэддэг хүмүүсийнх нь яриагаар бол хэдэн зуун жилээр дамнан ургасан хөгшин нарснууд олонтой өтгө­нөөс өтгөн байж. Харин одоо Тужийн ойд нэг шуга­манд эгнэсэн, насанд хүр­сэн хүний биеийн өн­дөртэй дүйхээр залуу нарс олноороо ургасан нь их сүйтгэлийн дараах нөхөн сэргээлтийн баримт болно. Социалист нийгмийн үед модны үйлдвэрүүд, ард­чиллыг сэргээх 20 жилд хувь хүмүүс хөрөө, сүх барин Тужийн нарсыг туу­шид нь огтолж байс­ныг тухайн нутгийн ахи­маг насны хүн бүр бараан дурсамж болгон ярих нь бий.

Байгаль орчин, но­гоон хөгжлийн дэд сайд Б.Тулга өнгөрсөн амрал­тын өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажил­лалаа. Б.Тулга ойжилт болон байгаль орчин, но­гоон хөгжилд саад бологч хүчин зүйл, байгаль хам­гаалагч нарын ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөхөөр явсан нь тэр.  Өнөөд­рийн дугаартаа Сэлэнгийн байгаль орчны өнөөгийн нөхцөл байдлыг онцлон өгүүлье. Сэлэнгэ аймаг нь Дархан-Уул аймагтайгаа харьцуулахад онгон байгаль төдийгүй хүний гараар бүтсэн ойн төгөл ихтэй, уул уурхайн чиглэлээр ухаж төнхөөгүй ховор нутгийн нэг. Мэдээж, гар аргаар алт олбор­логчид байна. Гэхдээ энэ нь хаяа залган орших дарханчуудтай харьцуу­лахад байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлтэй хүн олон байдаг нь аймгийн нутагт нэвтэрсэн тэр цаг үеэс мэдрэгдэнэ. Тужийн нарс Сэлэнгэ аймгийн Шаа­мар, Алтанбулаг сумын 45 мянган га газрыг хамардаг бөгөөд уул толгод, ухаа гүвээнүүдийн хажуу нь налуу, хоорондох ам хөндийнүүд нь өргөн. Тэнд хуурай хээрийн хар хүрэн хөрс голлон тархаж ухаа гүвээ, уул толгод, хөндий хотгорыг  нилд нь бүрхэнэ. Хөрсөн бүрхэвчийн ихэнх нь элсэнцэр, элсэрхэг хөнгөн шавран шавранцар бүрэлдүүнтэй болохоор салхины эвдрэлд автахдаа бүр ч амархан бололтой. Тужийн нарсыг үзэсгэ­лэнтэй болгох ажлыг Сэ­лэнгэ аймаг дах Тужийн нарсны байгалийн цог­цолборт газрынхан ха­риуцдаг юм байна.

 

ХАЯГДАЛ МОД ЦЭВЭРЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРАХЫГ ХҮСЭВ

 

Тус газрын дарга Д.Бямбаагийн ярьснаар 18 мянган га талбайд нарс суулгажээ. Нарсны шинээр тарьсан суулгац эхний жилдээ 1-2  см ургадаг байна. Дараагийн жил 5-10 см өсдөг бол 10 жилээс хойш өсөлт нь түргэсэн байгалийн аясаар нөхөн сэргэх онц­логтой мод. Нэг га талбайд 3000 ширхэг суулгац тарих боломжтой. Үүний 80 гаруй хувь нь ургаж төлж­дөг байна. Битүү сайхан ой болж ургахад 70-80 жил шаардагдана. Хоёроос гурван метр өндөр ургахад 30 гаруй жилийн хугацаа хэрэгтэйгээс гадна нэг га талбайг ойжуу­лахад 150  мянган төгрөгийн хөрөнгө зар­цуулах тооцоо бий. Мод үржүүлгийн ажилт­нууд өвлийн гурван сар бор­гоцой түүж, тарих үрээ цайруулж авдаг. Бэлтгэ­сэн үрээ сар гаруйн хуга­цаанд цасан дор битүү булах бөгөөд үр нь соёолж амьдрах чадвартай болно. Ийнхүү хоёр жил арчлан тордсон суулгац  орчин нөхцөлдөө дасан зохицож, ургах чадвартай болдог гэнэ. Бэлтгэсэн үрээ байнга  тордохгүй бол үхнэ. Тужийн нарс бол Монгол орны тэгш тал газар ургасан дан нарсан ой. Бусад нарстай харь­цуулбал харьцангуй урт ургадаг. Даль, Алтан­гагнуур болоод эмийн олон төрлийн ургамал бий бө­гөөд бор гөрөөсийн амьд­рах таатай нутаг учраас хулгайн анчид “эргэлддэг” тухай тэрээр дэд сайддаа “хов” хүргэж амжлаа. Түүнч­лэн Д.Бямбаа дарга “Ойг нөхөн сэргээж болж байна. Харин заавал шийдэх ёстой нэг ажил байгаа. Учир нь  Тужийн нарс нөхөн сэргээж дуусч байгаа ч түүний цаана маш том ажил бий. Энэ бол тарьсан модоо яаж хамгаалж арчлах вэ. Нэгэнт тарьсан юм чинь судалгаа шинжилгээ хийх шаардлага тулгарч байна. Дээрээс нь түймэрт өртөж шатсан модны хог их хэм­жээгээр бий. Түүнийг  цэ­вэрлэе гэхээр хуулийн гарц, төсөв мөнгө нь байхгүй гээд холбогдох албаныхан халгаахгүй юм. Хаягдал модыг цэвэр­лэхгүй бол түймэр дэгдэх аюул ойрхон байна. Ой хээрийн түймэр, модны  хулгайчид, зэрлэг ан амьтны ангуучдаас ойгоо хамгаалахын тулд байн­гын хамгаалалт юунаас ч чухал байна. Бид чад­лынхаа хэрээр мод тарь­даг. Гэтэл хэн нэгэн бүлэг хүмүүс сүйтгээд байж таа­рахгүй. Бас малын бэл­чээ­рийг ч зүй зохистой ашиг­лах шаардлагатай байна. Мал маш их өсч, газар  сайгүй бэлчиж байна. Ши­нээр тарьсан суулга­цын   нахиаг үхэр адуу сорчлоод идчихдэг.  Мод тарих ажлыг компани, аж ахуйн нэгжээс гадна иргэдэд илүү нээлттэй байлгадаг  болох нь чухал. Мод тарих сонирхолтой    хүмүүс байдаг ч санхүүгийн дэмжлэг авч чаддаггүй. Төр засаг иргэ­дийн тарьсан модыг худал­даж авах бодлого явуулвал манай улс богино хуга­цаанд устсан ойгоо нөхөн сэргээж, ойн нөөцөө нэ­мэх боломж бий. Эцэст нь хэлэхэд, “Зууны мэдээ”-гийн хамт олон Тужийн нарсын сэргэлтэд онцгой гавьяа байгуулсан хүмүүс. Баярлахгүй, талархахгүй байхгүй аргагүй хамт олон юм шүү. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж өгөөрэй” гэсээр сэтгэл ханамжтай нь аргагүй дэд сайддаа ажил, үүргээ танилцуулж явна.  Хэдийгээр байгалийн хү­ч­ин зүйл, хүний санаатай үйлдлээс болж байгаль сүйдэж болдог ч хүний гараар амархан сэргэдэг болохыг эндээс харж болно.

 

БУГАНТ ТОСГОНЫХОН НӨХӨН СЭРГЭЭЛТ ШААРДАЖ БАЙНА

 

Дэд сайд Б.Тулгын очсон дараагийн маршут нь Сэлэнгийн Ерөө сумын Бугант тосгон. Алт хайгч­даас болж сүйтгэгдсэн тосгон. “Монросцветмет” нэгдлийн харьяа Толгой­тын алтны үйлдвэр 1976 оноос хойш 26 жил Сэлэнгэ аймгийн Бугант тосгон дах “Их алт”, “Толгойт”-ын бүлэг ордод алтны олборлолт явуулсан байна.  Засгийн газрын 2001 оны тогтоолоор 2002-2003 онд багтаан нөхөн сэргээлт хийхийг тухайн үеийн ТӨХ-ны дарга Л.Пүрэв­дорж, “Монросц­ветмет” нэгдлийн за хирал Х.Бадамсүрэн нарт даал­гаж байж. Харамсалтай нь тухайн үед “Мон­росцветмет” нэгдэл нө­хөн сэргээх нь байтугай овоол­сон шороогоо ч булал­гүй­гээр өөрийн лицензтэй тал­байгаа зараад явсан тухай байгаль орчны байцаагч нар уламжилж буй. Хэн­тийн нурууны төв, Ерөө голын ай савд Бугант тос­гон орших тул байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг.  Гэвч одоо сайхан сайхан хус модоор нь савх хийж, хөрөө рам ажиллуулахаас хэтрэхгүй Хятадын голдуу жижиг үйлдвэр ойр орч­мынх нь ойг хиаруулахаас өөрөөр нутгийнханд үр өгөөж өгсөнгүй. Тиймдээ нутаг нутгаас ирж суурьш­сан суугуул иргэдийн үр хүүхэд гээд 3000 гаруй хүн өөр өөрсдийнхөөрөө аж ахуй эрхлэн зөнгөөрөө ажиллаж амьдарч байна. Энэ тосгоны төрийн албанд 100 хүрэхгүй хүн ажиллана. Бусад нь аж­лын байргүй тул найман настай балчраас 80 настай буурай хүртэл алт ухан амьдрал ахуйгаа залгуул­даг өвөрмөц содон амьд­ралын хэвшилтэй гэнэ. “Монросцветмет” нөхөн сэргээгүй хаягдал шороо ухаж амьдрах гэсэн “нинжа” нар “Фургон”, “Эксель” машиндаа 10-20-иороо чихэн суугаад тосгоны баруухантай ор­ших уул руу ажилдаа гардаг гэнэ.  Орой нар жаргахтай зэрэгцээд эхнэр, хүүхдүүд голдуу хүмүүс тосгоны гүүрэн дээр дулаан хувцас, халуун хоолтой угтана. Тосгоны захад Персийн булан гэх нэртэй гудам байх. Тэнд голдуу “хүнд гар”-ын “нинжа” нар амьдарна. Өдөр нь олсон алтаа орой нь архи болгоод уучихдаг тул тэнд зодоон цохион тасардаггүй, үймээн самуунтай байд­гаас “Персийн булан” гэж нэрлэжээ. Харин саях­наас эхэлж энэ байдал цэгцэрч буй талаар Ерөө сумын Засаг дарга Б.Сэр­гэлэн уламжилж байсан. Тэд байгалийн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлтэй хэд хэдэн компанийг нэгтгэх групп болгон ажиллуулж байна. Тухайбал, мод үржүүл­гийн чиглэлээр зургаан компани нэгдэж “Буга­нит” групп байгуулжээ. Группын захирал С.Ган­дөш  “Мод тарина гэдэг хүүхэд асрахтай адил. Үргэлж л анхаарал тавьж байхгүй бол олон сар, жилээр хийсэн хөдөлмөр талаар болох явдал бий. Манай байгууллага 1980 оноос эхэлж 6000 гаруй га талбайд мод үржүүлгийн ажил хийлээ. Нэг га-д 3000 ширхэг тарьсан гэж  үзэхэд нийт 24 сая мод тарьжээ. 2017 га нь түймэрт өртсөн. Одоо 4000 га талбайд нарс ургаж байгаагаас 1227 га талбайг улсын ойн  санд хүлээлгэж өгчээ. Өдгөө 3000 гаруй га талбайд мод ургаж байна.  Аймгийн хэмжээнд энэ жил 1360 гаруй га талбайд ойжуулалт хийх төлөв­лөгөөтэй. Тужийн нарсаас гадна Ерөө, Хүдэр, Алтанбулаг, Цагааннуур суманд мод тарьж байна” гэв. Энэ үеэр хамгийн шүүмжлэлтэй яригдсан асуудлын нэг нь ойжуу­лалтад зарцуулах улсын төсөв хүрэлцэхгүй байгаа тухай байлаа. Тухайл­бал, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн н.Цэнгэлбаяр “Улсаас ойжуу­­лалтад зарцуулах төсөв хэтэрхий чамлалттай байна. Байгаль орчны байцаагч нарын ажлын үр дүн энэ насандаа гар­даггүй. Бидний тарьсан модны үр шим нь 100 жи­лийн дараа гардаг. Хувь хүмүүсийн тарьсан модны суулгацыг улсаас өндөр үнээр худалдаж авдаг мөртлөө 100 жилээр үнэ­лэг­дэх модыг маань үнэлж авахгүй байна. Хөрөнгө төсвийг нь ч өгөхгүй юм. Өнөөдөр нэг га газарт зар­цуулах төсөв нь 200 мянган төгрөг. Тэгвэл шатахууны үнэ ямар байгаа билээ. Энэ олгосон мөнгө нь зөвхөн шата­хууны зардалд зарцуулаг­даж байна. Харин ойжуу­лал­тад зарцуулах төсөв аль ч талаараа учир дутаг­далтай” гэж дэд сайддаа анхаарал хандуулах асууд­лын нэг хэмээн уламжил­сан юм.  Ийнхүү Мон­голын хойморт нутаглах Сэлэнгийн хүн бүр байга­лийн үзэсгэлэнгээ авч үлдэхийн төлөө ойжуулал­тад гар бие оролцож байна. Үүнийг нь ч гэсэн салбар хариуцсан дэд сайд Б.Тулга онцлон сайшаа­сан юм. Тэд ойжуултад их, бага гэж ялгахгүй мод тарих бол тэдний хаяа залган орших дарханчууд харин нутаг дэвсгэрээ алт олборлогчдын уршгаар “сийчүүлжээ”. Энэ тухай сурвалжлагыг дараагийн дугаараас уншаарай.