Д.БОЛОР

МАН-ыг засагт хамтрахын эсрэг байсан цөөхөн гишүүний нэг нь УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба байв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-МАН-ын Бага хурлын төлөөлөгчдөөс Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахгүй байхыг уриалж байгаа гишүүний нэг та байлаа. Яагаад хамтрахын эсрэг байгаа юм бэ?

-Ер нь хамтрах эсэх нь тийм амархан шийдэгдэх асуудал биш байсан юм. Эдийн засгийг маш хурдацтай унагаж байгаа үе нь энэ цаг хугацаа байна. Уналт маш хүчтэй явагдаж байна. Эдийн засгийн уналтыг сааруулах уу гэхээс биш шууд засаад сайжруулна гэсэн ойлголт байхгүй. Өнөөдрийн 100 мянган төгрөг 50 мянган төгрөгийн дайтай үнэлэгдэхээр болчихоод байна. Нөгөө 4.6 тэрбум ам.долларын валютын нөөц гэж  юу ч байхгүй хасах руу орчихсон байх жишээтэй. Иргэдийн худалдан авах чадвар буурч, хүн амын амьжиргааны төвшин ингэж их унасан байхад эдийн засгийг босгоно гэдэг хэцүү. Өнөөдөр дотоодын бизнес эрхлэгч, гадаадын хөрөнгө оруулагч бүгд дайжчихсан байна. Ийм байхад МАН засагт хамтраад хэрэггүй.

-Танаас өөр эсэргүүцэж байгаа гишүүн байна уу?

-Тэрийг нэрлээд яах юм. Үндсэндээ эсрэг байр суурьтай хүмүүс мэр сэр байна. Ц.Нямдорж дарга байна. Жоомоо шатаах гэж байгаад байшингаа шатаана гэдэг шиг зарим нь 1.5 жилийн дараа амаа барих вий гэж эмээх юм. Манай улс  2017 оноос их өрөө төлж эхэлнэ. Одоо бол зөвхөн төлбөрын хүү төлж байна. Зөвхөн хүүд нь гэхэд таван аймгийн адуу эсвэл зургаан аймгийн хоньтой тэнцэх хэмжээний мөнгийг төлж байгаа байхгүй юу. Дээрээс нь “Самурай” бонд гэж байна. Одоо тэгээд мантуу бонд ярих гээд байгаа юм уу, хаашаа юм бэ. Ч.Сайханбилэг сайд нэг тэрбум ам.доллар авна гэсэн утгатай зүйл ярина лээ. Хэрэв авах гэж байгаа бол үүнийг таслан зогсоох шаардлагатай. АН-ын засагт хамтрах биш харин хариуцлага тооцох тухай л ярих ёстой юм. 1996-2000 онд хариуцлага тооцогдоогүй учраас дахиад ийм завхарсан юм гаргаад ирсэн байхгүй юу тэд. Тэд эдийн засгийг дэндүү унагалаа.

-Засагт орохоос илүү хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна уу?

 

-Тийм ээ. АН-ынхан өнөөдөр Монгол хэлний үгсийн сангаас хариуцлага гэдгийг авч хаях гээд байгаа юм биш үү.Хариуцлага тооцохгүйгээр цааш явах арга байхгүй. Хямралын гарцаа тодорхой болгоогүй байж хамтрах тухай ярьж таарамгүй. МАН засагт хамтрахаас ичих хэрэгтэй байсан юм.