М.ХҮСЛЭН
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон “Оросын эрх баригчид Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг сонгуульд ялуулахын тулд түүнд тусалж, Америкийн байгууллагууд болон хувь хүмүүст кибер довтолгоо зохион байгуулж байна” хэмээн мэдэгджээ.
Энэ сарын 9-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд хэлсэн үгэндээ Хиллари Клинтон саяхан болсон кибер довтолгоонууд гадаадын улс орнуудаас АНУ-ын сонгуульд нөлөөлөхийг оролдсон, урьд өмнө болж байгаагүй ажил гэж нэрлэсэн байна. Вашингтон кибер довтолгоог Москва зохион байгуулсан хэмээн үздэг. “Манай улсын түүхэнд бидний эсрэг гадаадаас сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд маш идэвхтэй ажилласан явдал урьд өмнө гарч байгаагүй. Тэд намайг сонгохын төлөө бус, сонгуулийн үр дүн Дональд Трампын талд гарахад нөлөөлөхийг оролдож байна” хэмээн Хиллари Клинтон хэлжээ.
Сент-Луис хотод явагдсан халз мэтгэлцээнээс хоёр хоногийн өмнө Цагаан ордоны тэргүүн Барак Обамагийн засаг захиргаа Кремлийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саад учруулах зорилгоор кибер довтолгоо хийсэн хэрэгт холбоотой хэмээн буруутгасан аж. Түүнчлэн өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 7-нд Хиллари Клинтоны цахим шуудан дахь материалууд олон нийтэд ил болсонд ОХУ холбоотой байж магадгүй хэмээн мэдэгдсэн.
Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трамп халз мэтгэлцээний үеэр хэлсэн Хиллари Клитоны үгийг “инээдтэй хэрэг” хэмээжээ. Д.Трамп өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг магтаж, Оростой харилцаагаа сайжруулна гэж мэдэгдэж байв. Кремль кибер довтолгоотой ямар ч холбоогүй хэмээн удаа дараа мэдэгдсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин