М.ГАНЦЭЦЭГ
Монголын 28 дахь Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг. Тэрээр анхны хуульч Ерөнхий сайд болж буй гэдгийг өөрөө тодотгож байв. Өмнөх Ерөнхий сайдууд сэтгүүлч, эдийн засагч, багш мэргэжилтэй байжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, одоо 45 настай. Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, МУИС-ийг хуульч мэргэжлээр, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн, хууль зүйн ухааны магистр. Тэрээр Монголын залуучуудын холбооноос ажлын гараагаа эхэлж, Гэгээрлийн сайд, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг алба хашиж байв. 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар гишүүн болж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин сонгогдож, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм.
Тэр шулуун замаар Засгийн газрын тэргүүн болсонгүй. Түүнийг Ерөнхий сайд болоход намынх нь зарим гишүүн эсэргүүцэж байсан, эцэст нь олонх дэмжлээ. Тодруулбал, УИХ дахь бүлгийн гишүүдээс нь Х.Баттулга гишүүн хуралдаанд оролцсон ч санал хураалтын үеэр эзгүй байснаар эсрэг санал өгөв. Мөн “Шударга ёс” эвслээс Г.Уянга гишүүн эсрэг саналтай байв. Харин хуралд оролцсон 44 гишүүнээс 42 нь буюу 95.5 хувь нь түүнийг дэмжсэнээр Ерөнхий сайд боллоо.
Гэвч парламентын сөрөг хүчин МАН-ынхан түүнд санал өгөөгүй. Ч.Сайханбилэгийг эсэргүүцэж буйгаа үйлдлээрээ илэрхийлж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй юм. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ тухай “МАН засагт орж ажиллахгүй, шинээр томилогдсон Ерөнхий сайд сайн ажиллахгүй бол асуудлыг дахин тавина” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мөн Ерөнхий сайдыг томилох үеэр үг хэлсэн гишүүдийн зүгээс эдийн засгийн бодит хямралыг зогсоох арга замыг хэрхэн харж байгаа болон энэ талаар ямар бодлого барих, шинээр байгуулагдах Засгийн газрыг мэргэжлийн ёс зүй, сахилга баттай шударга хүмүүсээр бүрдүүлж чадах эсэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгой, Тавантолгойн асуудлыг яаж шийдэх, шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд юун дээр анхаарч ажиллах, эрчим хүчний үнийг хэзээ чөлөөлөх зэрэг олон асуудлыг хөндлөө.
Улс орны төлөө чин сэтгэлээ зориулж ажиллах багаа зөв бүрдүүлэх, багаа захирч чаддаг байх, аар саар тулга тойрсон асуудлаар хөөцөлдөх бус холыг харж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт сануулав. Мөн эдийн засгийн хямралтай энэ цаг үед хүнд ачаа үүрэх гэж байгаа ч улс орныхоо сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлэх томоохон асуудлыг шийдэхийн тулд намын эв нэгдэлд анхаарах, бусад нам, эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллахыг зөвлөж, ажлын амжилт хүслээ.
Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараа үг хэлэхдээ шинэ Засгийн газрын гол шинж нь дэмжлэгтэй, шийдлийн, шуурхай байх болно гэж онцлов. Тэрээр “Танхимаа бүрдүүлэх ажилдаа шууд орно гэж амлав. Ингэхдээ АН-ын ҮЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу парламентад суудалтай бүх улс төрийн хүчинтэй шинэ Засгийн газар байгуулах асуудлаар ирэх өдрүүдэд зөвшилцөнө. Монгол Улс маань 3-хан сая хүн амтай, 10-хан тэрбум долларын эдийн засагтай улс. Бодлогын зөв өөрчлөлт, гацсан ганц хоёр асуудлуудыг байрнаас нь хөдөлгөлт, дэмжсэн, урагшлуулсан 2-3-хан том төсөл бидний хямралт байдлыг эрс өөрчлөх болно” гэв.