Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Ерөнхий сайдын томилгоо гацаанаас гарч, нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцсон 10 гишүүн 100 хувийн саналаар дэмжив.
Ингээд өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог эцэслэн хэлэлцэхээр боллоо. Энэ удаад эрх баригч хүчин АН-ынхан байр сууриа нэгтгэсэн боловч сөрөг хүчин МАН-ынхан бойкотлон байнгын хорооны хуралд оролцоогүй юм.
Үүнтэй холбоотой өчигдөр Төрийн ордонд өрнөсөн үйл явдлыг тоймлоё. Үдээс өмнө УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох санал оруулах тухай саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй өргөн барив. Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь Улсын Их Хуралд суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхийлөгчөөс Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн барьсан юм. Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг Ерөнхийлөгчийн саналд дурдсан байна.
Үүний дараа УИХ дахь АН-ын бүлэг шуурхай хуралдав. Тэд нэр дэвшигчээ дэмжих эсэхээр нэгдсэн байр суурьт хүрээгүй тул дахин хуралдсан нь энэ. АН-ынхан хуралдааныхаа шийдвэрийг хэвлэлийнхэнд мэдээлэхээс татгалзав. Учир нь АН-ынхан Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх тал дээр мөн л нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй хурлаа өндөрлөсөн юм. Тодруулбал, бүлэг дээр МҮДН, МоАХ фракцийн зарим гишүүн Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ ил, далд байдлаар илэрхийлжээ. Хэрэв энэ асуудал тодорхой болохгүй, ойлгомжгүй хэвээр үргэлжлэх юм бол Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд парламентад суудалтай бусад нам, эвсэл, бүлгүүдийн олонхийн саналыг харгалзан үзэж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээс өөр гарц үлдэхгүй гэдгийг ч намын даргын зүгээс анхааруулсан байна. Үүнийгээ ч тус намынхан сайн мэдэж байсан. Тиймдээ ч энэ асуудлаа нааштайгаар шийдвэрлэх гэсэн боловч бас л тусыг эс олсон юм.
Харин дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэхийг хэлэлцэхээр хуралдаан зарласан боловч МАН-ынхан болон зарим гишүүн ирээгүйгээс ирц хүрэхгүй дөрвөн цагийн турш хүлээлгэв. Тус байнгын хороо 19 гишүүнтэй бөгөөд хуралдаанд оролцохоор АН-аас А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, М.Батчимэг, С.Баярцогт, Р.Гончигдорж болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Н.Батцэрэг, ИЗНН-аас С.Дэмбэрэл нарын есөн гишүүн ирсэн байв.
Харин МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Су.Батболд нарын долоон гишүүн тус байнгын хороонд харьяалагддаг ч хуралд ирээгүй. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Л.Цог, Г.Уянга, АН-аас Р.Бурмаа хуралд оролцохгүй байснаас ирц хүрэхгүй ийн дөрвөн цагийн турш хүлээлтийн байдалтай байв. “Шударга ёс” эвслийн хувьд Л.Цог гадаадад томилолттой байгаа бол Г.Уянга гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бололтой. 18:00 цагийн орчимд АН-ын бүлгийн гишүүн Р.Бурмаа хуралд ирснээр ирц бүрдэн хуралдаан эхэлж, Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Ч.Сайханбилэгийг дэмжсэн юм. Хуралдаанд оролцсон 10 гишүүн бүгд нэр дэвшигчийг дэмжсэн нь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн нь ил боллоо. Хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандан гишүүн Н.Батцэрэг асуулт тавьж, гишүүн С.Дэмбэрэл санал хэлэв.
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг байнгын хороо МАН-ын гишүүдгүйгээр ийн дэмжлээ. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэх бөгөөд Ардчилсан намынхны байр суурь нэг байгаа тул олонхийн дэмжлэг авна гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байна.