- Р.Амаржаргалыг дэмжсэн ч, ҮЗХ дээр унагах уу -
/upload/141113-1.jpgГ.УЯНГАА
“АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжсэн ч, ҮЗХ дээр унагана”. Ийм яриа өчигдөр болсон АН-ын бүлгийн хуралдааны дараа Төрийн ордноор нэлээд эрчтэй явлаа. Энэ нь хууль ёсны тэргүүнгүй найм хонож байгаа Монгол Улсын Засгийн газрыг ойрын мөддөө Ерөнхий сайдтай болохгүй нь гэсэн ажиглагчдын таамгийг улам бататгав.
Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжлээ гэж буй ч энэ шийдвэрийг намынхаа ҮЗХ-гоор оруулж батламжлуулах, Ерөнхийлөгчид өргөн барих гэхчилэн даваа гүвээ нэг биш бий. Тэр бүгдийг урьдчилан тохирч, намынхаа гишүүдийг яг нэг дуугаар ярсхийтэл гарыг нь өргүүлэх хэмжээнд хүртэл фракцуудтайгаа яриа хэлэлцээ өрнүүлж чадаагүй бол энэ нь АН-ын хувьд огт боломжгүй зүйл.
Тэгээд ч тэгш хуваарилалтын зарчмаар бүлэг фракцуудаа эрхлүүлчихсэн эрх баригч намд амархан шийдчих асуудал биш гэдгийг тэд өөрсдөө ч сайн ойлгож байгаа. Үүнийг батлах хэд хэдэн үндэслэл бий юм.
Тухайлбал, АН-ын бүлгээс хамгийн өндөр санал авсан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ҮЗХ-нд оруулж батламжлуулах үүрэг намын даргын хувьд Н.Алтанхуягт ногдож буй. Гэтэл түүний барьж орох нэр өөрт нь болоод өөрийнх нь тэргүүлдэг “Алтан гадас” фракцид таалагдахгүй байгаа. Тиймээс дургүй ламд дарж байж сахил хүртээхийн үлгэр болох бөгөөд барьж орсон нэр зүүгээд баалуулж унагаад гаргана гэдгээ урьдчилж тооцоолохыг өнөө цагт улс төр гэдэг болсон.
Тэгээд ч бүлгийн хурлын дараа “...намынхаа төлөө фракцаа мартаж, улсынхаа төлөө намаа мартаж сонголт хийлээ. Энэ бол Амаржаргал байлаа” хэмээн твитерээр жиргэсэн нөхөд байр суурьтаа үнэнч байна гэдэгт итгэхэд бэрх. Нөгөө талаар өчигдрийн бүлгийн хуралд оролцоогүй, нэг үгээр Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэх асуудалд эсрэг байр суурьтай байсан “Алтан гадас”-ынхан нүдээ тас аниад, амаа таг жимийгээд ҮЗХ-г хуралдуулчихна гэдэг юу л бол. Санал өгч гар өргөх хүмүүсийнх нь дунд жин дарах хэмжээний өөрийн гэсэн хүмүүстэйнхээ хэргийг гаргаж таарна. ҮЗХ-ны бүрэлдэхүүнд байгаа фракцуудаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийнх нь хувьд Р.Амаржаргалыг дэмжихгүй байх байр суурьтай нь ганц “Алтан гадас” ч биш. Тэдэн дээр “Нэг ардчилал” болон бас бусууд нэмэгдэнэ гэсэн сураг байгаа. Энэ тохиолдолд дороо хөл муутай “Шонхор” болоод МҮДН санаачилгыг гартаа авна гэдэг амар биш болно гэсэн таамаг байгааг үгүйсгэх аргагүй юм билээ. Р.Амаржаргалын хувьд сайн эдийн засагч байж болно. Үүнтэй маргах хүн байхгүй. Гэхдээ ардчиллын төлөө, мөн АН-ын нэр хүндийн төлөө юу хийсэн бэ гэвэл хангалттай хариулт байхгүй гэдгээр “Алтан гадас” хийгээд тэднийг дэмжигчид тоглолтынхоо гол тактикийг боловсруулсан гэнэ. Мөн үүн дээрээ засаг төрийн тогтвортой байдал, залгамж халаа гэхчилэн эрх баригчийн суудалд суусан хойноо хэлж сурсан үгсээрээ тактикаа гоёхоо ч мартахгүй. Амжилтанд хүрэхийн төлөө өмнө нь Ерөнхий сайд хийж байсан ч намаа сонгуульд унагасан, өнгөрсөн жилийн яг өдийд УИХ-ын гишүүнээсээ татгалзсан өргөдөл бичиж, үүнээс арай өмнөхөн ҮЗХ-ноос чөлөөлж өгнө үү хэмээн Ховд руу хүсэлт илгээж байсныг нь, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахыг эртнээс мөрөөдөж ирснийг нь сануулах гэхчилэн олон зүйл төлөвлөж байгаа сурагтай. Энэ бүгдийг нь үл тоон ҮЗХ-ны дэмжлэгийг авчихдаг юм гэхэд Р.Амаржаргалд ард нь Ерөнхийлөгчийн гэх бас нэг том даваа бий. Өчигдөр өнөөдрийн улс төрд өрнөж байгаа үйл явдлаас анзаарвал Н.Алтанхуяг ба түүний талынхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чамгүй найдвар тавьж буй бололтой юм. Төрийн тэргүүн Бээжинд болсон АПЕК-ийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцоод мягмар гаригт эх орондоо ирсэн. Ирэнгүүтээ огцорсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг, огцруулах ажлыг оройлон гүйцэтгэсэн гэгдээд буй УИХ-ын дарга З.Энхболд хоёрыг Их тэнгэрт дуудаж уулзсан. Уулзалт маргааш нь Төрийн ордонд үргэлжилсэн. Хоёр ч удаагийн уулзалтаар Ерөнхийлөгч “Авралын Засгийн газар” байгуулах чин хүсэлтэй Р.Амаржаргалыг биш харин Н.Алтанхуягийн санал болгох Шинэчлэлийн Засгийн газрын залгамж халаа байх Ч.Сайханбилэгийг дэмжихээр тохирсон гэх яриа хөөрөө өрнөж эхэлсэн юм.
Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах үндэслэлтэй юу. Ховдынх гэдгээр дэмжиж болох ч өнөөгийн Монголын улс төрд нүүрэлсэн нэг төрлийн хямрал гэж болох жалга довны үзлийг зөвтгөн дэвэргэсэн нэр зүүнэ. Үүнийг үл тоолоо гэхэд намынхаа эсрэг явсан нэг үгээр урвагчийг дэмжих нь эргээд урвагчдыг төрүүлэх том шалтгаан болно гэж үзэх хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулахыг шаардаад огцруулчихаж чадвал өөрөө оронд нь сууж болдог юм гэдгийг Р.Амаржаргалаар жишиг болгон тогтооно хэмээн эмээгсэд Ерөнхийлөгчийн талынхан дунд ч бий аж. Тиймээс яг ийм хоёр шалтгааны улмаас Ерөнхийлөгч нэр дэвшигч Р.Амаржаргалыг дэмжихгүй байх магадлалтай хэмээн найдаж байгаагаа Н.Алтанхуяг болон “Алтан гадас”-ынхан нуухгүй байгаа юм.
Гэхдээ энэ бүгд зөвхөн эрх баригч нам дотор өрнөх үйл явц. Үүнээс гадна засаг хамтарч барих хүсэл тээсэн парламентад суудалтай том жижиг намуудын амбийц гээд саад мундахгүй учраас Засгийн газар мөддөө толгойтой болохгүй нь хэмээн үзэж буй юм. Түүн дээр УИХ-ын даргын яарч алх тогшсон огцруулах хийгээд орлуулах тогтоолын маргаан гээд асуудлыг урагшлуулахгүй тушаа ч нэг биш байна.
УИХ-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайд болохгүй” гэж мэдэгдэж байсан. Харин тэрээр өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд болох АН-ын Их хурал дээр намын даргад нэрээ дэвшүүлнэ” гэж жиргэлээ. Түүний жиргээ үндсэндээ “Шинээр томилогдох Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцье” гэдэг онигоог жинхэнэ үнэн болгоод өгөх шиг боллоо.
Үйл явдал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах ч үүнийх нь уршиг ард түмний нуруун дээр ачаа болон бууна гэдгийг эрхэм улстөрчид анзаарах сөхөөгүй байна.