Т.БАТСАЙХАН, С.УЯНГА, Д.БАТБААТАР

 

“Амьдралын тойрог” ойн хайгуулчин Д.Дэжидгүнчин гуайн майханд өнгөрүүлсэн 20 жилийнх нь сонин хачныг яриулахаар гэрт нь зочиллоо.  Тэрээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ойн хайгуул, судалгааны ажлаа хийж дуусаад хоёр, гуравхан хоногийн өмнө хотод гэртээ ирээд байгаа нь энэ.

Тэднийх Бэлхэд амьдардаг юм байна.  Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хашаанд нь ороход л ямар хөдөлмөрч хүмүүс гэдэг нь харагдана. Сүүдрэвч, дүүжин сандал, хүүхдийн  тоглоомын талбай гээд айлуудын хашаанд тэр бүр байдаггүй зүйлс нүдэнд тусна.  Мөн тэрээр гацуур, хар мод, үхрийн нүд, чацаргана тарьжээ.

 

ОНОЛООС ПРАКТИК ЧУХАЛ ГЭДГИЙГ АМЬДРАЛААРАА БАТАЛЖ ЯВНА

Тэрээр 40 гаруй жил ойн хайгуулын ажил хийж байгаа эрхэм юм. Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн.  Монголын ойн сангийн гуравны нэгийг нь эзэлдэг өвч тайгын өлгий нутгийн хүн болохоор энэ салбарыг сонгосон нь түүнд улам ойр санагддаг биз.  Түүнд очоогүй тайга, хүрээгүй өндөр оргил үлдээгүй гэсэн. Ойн нөөц, зохион байгуулалт, тооллого гээд л хаврын урь оронгуут гэрээсээ гараад намар анхны цас хаялахтай зэрэгцэн буцаж ирдэг ажээ.  Дээд сургуульд сурч чадаагүй ч Хөдөө аж ахуйн техникум төгсөж, мэргэжилдээ бол дээд боловсролтноос илүү гэдгийг олон шавь нар нь батлан хэлдэг юм билээ.  Ойн хайгуулын ажилд онолоос илүү практик чухал гэдгийг амьдралаараа баталж яваа нь тэр.  Түүний ажлын гараа  Хэнтий аймгийн Дадал, Батширээт сумаас эхэлсэн гэдэг.   1974 оноос баг бүрдүүлэн бие даан хайгуулын ажил хийх  болжээ. Монгол орны ойн сан бүхий бүх л аймгаар явж судалгаа, хайгуулын ажлаа хийсэн гэнэ.  Дээр үед ойн хайгуулын ажил хийхэд мод унагааж цагираг тоолдог байсан бол одоо үед техник технологи хөгжиж модыг заавал хөрөөдөхгүйгээр өрөмдөж дээжийг нь аваад насжилт, нөөц, онцлогийг нь тогтоодог болсон байна.   “Би олон жил хайгуулд явлаа.  Энэ жилийнх л хамгийн хэцүү байсан. Эрийг нас уулыг цас дарна гэдэг ямар үнэн үг вэ. Жаахан жавар хургахад л даардаг болж” гээд инээмсэглэв.  Энэ жил тэрээр  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ажилласан. Монголд анх удаа хэрэгжиж байгаа ойн тооллогыг ажилд баг ахлан гарчээ.  Цаанаас өгөгдсөн цэг дээр очиж  тооллогын ажлаа гүйцэтгэх ёстой байдаг. Зарим цэг дээр 20 гаруй км алхаж байж хүрнэ.  Энэ жилийнх нь ажил түүнд хэцүү байсан болохоор жаахан шантарч байгаа бололтой.  Гэхдээ түүний  ой мод, хээр талаа гэсэн сэтгэл унтраагүй нь лавтай.  ““ГАЗ-66” машины чимээ сонсоод л  хөнжил гудсаа бэлдэж сэтгэл догдлон хүлээгээд суучихна шүү дээ” хэмээн дурсах нь үүнийг нь илтгэнэ.

 

БААВГАЙД ДҮҮГЭЭ АЛДСАН ГУНИГТ ТҮҮХ

Тэднийд ороход сонирхол татах нэгэн зүйл байсан нь баавгайн савар. Ой хөвчийн ховор араатны савар ойн хайгуулчны гэрт байх нь нэг их гайхахаар зүйл биш л дээ. Энэ баавгайг Д.Дэжидгүнчин гуай агнаж байжээ.  Тэр амьдралдаа баавгайтай үүд хойморын чинээ газар тулж явсан нь олон гэнэ. Гэвч тэрээр төрсөн дүүгээ ойн баавгайн саварт алдсан гашуун түүхтэй юм.  Ойн хайгуулчны ажил амаргүй. Хүнд хэцүү энэ л ажилдаа дүүгээ уруу татаж, түүнийгээ араатанд өгсөндөө тун ч харамсаж явдагаа ярилаа. “Өглөө нь хайгуулд гарсан дүү маань ирдэггүй, маргааш нь унаж явсан морь нь майхны гадаа ирсэн. Тэр үед юу болсныг гадарласан даа.  Дүү маань баавгайн дарсан хоолны ойролцоо мэдэлгүй  оччихсон юм билээ. Түүнээс биш баавгай хоол унд руу нь ойртохгүй бол яадаг ч үгүй өнгөрдөг. Үнэхээр харамсалтай явдал болсон доо” гээд нулимс унагав. Амьдралд нь тохиолдсон энэ хар явдлын тухай тэр дахин ярьсангүй. 

Д.Дэжидгүнчин гуайн бас нэгэн сонирхол нь ан байжээ. Баавгайн савраас гадна буга, гөрөөс, зээрийн эвэр гэрт нь байдаг аж. Ховорт тооцогддог бугын гурван салаа эвэр хүртэл байх юм.  Баавгайн саврыг нь байсхийгээд л хүмүүс гуйгаад авчихдаг гэлээ.  “Эхнэр маань төрөхгүй өвдөөд, охин маань хэд хоног дуншлаа” гэсээр ирэх тэднээс харамлаад ч яах билээ гэнэ. “Овоо олон хүнд буян болсон эд дээ. Дээр үед баавгайг ичээнд нь агнадаг байсан юм билээ.  Төрөх дөхсөн үед нь  агнахаар яаж  байсан бамбаруушаа гаргачихаад үхдэг гэдэг.  Төрөх болоогүй байсан ч үхэхээрээ үр үндсээ гаргачихдаг шидтэй амьтан. Төрөхгүй өвдөөд байгаа эхийн  гэдсийг баавгайн савраар савардаж домнодог нь ийм учиртай” гэж ярив.  “Баавгайн мах ямар амттай вэ” гэж сониучирхан асуутал “Халуун бол идэхийн аргагүй нялуун амттай.  Харин бууз хуушуур хийгээд хөргөөд идэхээр үхрийн махтай л төстэй” гэв. Дээр үед хайгуул хийж байхад малын мах олж иднэ гэж байхгүй. Тийм болохоор гөрөөс, зэрлэг гахай, тарвага, загас хүнсэндээ хэрэглэх зөвшөөрөл аваад явдаг байжээ. “Хангай минь баян байжээ. Нэг өдөрт би найман баавгайтай таарч байлаа. 1983 онд байх аа манай багийнхан 70 гаруй баавгайг харж байсан юм.. Хэдхэн алхмын цаана чононууд улиад л морьтойгоо галаа хүртэл манаж хонож байсан. Сүүлийн жилүүдэд тийм зүйл огт тааралдахгүй юм. Амьтад маань ховорджээ” гэж уулын хүн санаа алдлаа. 

 

ТҮҮНИЙ ХҮСЭЛ

Хөвсгөл аймагт нэгэн онцлогтой ой хөвч байдаг гэнэ.  Тэнд очихын тулд Тувагийн нутгаар 10 гаруй км алхаж байж хүрнэ. Тэнд хайгуул хийж байсан хоёр хайгуулчин Тува нарт хорлогдсон түүх байдаг байна. Харин энэ бол  Д.Дэжидгүнчин гуайн  очихыг хүсдэг газар нь гэлээ. “Тува нар их зэрлэг хүмүүс дээ. Тэр хоёр хайгуулчинг шууд мишоконд нь буудсан байсан” гэж ярих тэрээр үхлээ эрсэн биш дээ гэж хааяа бодох ч сэтгэлийнх нь гүнд энэ хүсэл нь салж өгөхгүй зовоодог бололтой.  Ер нь хайгуулчин хүнд амьдралын баталгаа үгүй бололтой.  Н.Пүрэв хэмээх хайгуулчин  ажлаа хийж яваад Улаанбаатарын ойролцоох ойд сураггүй болжээ. Одоо хүртэл яасан нь мэдэгдэхгүй байгаа харамсалтай явдлууд бий.

Тэрээр үргэлжлүүлэн Хөвсгөлийн цаатангуудтай уулзаж, нэг хэсэг хамт амьдарч байснаа ярилаа. “Их сайхан зантай улс байдаг шүү. Намайг явахад дахиад ирээрэй л гээд үлдсэн” хэмээв.  Зүүн тайгын хүмүүс зан нь эвдрээгүй сайхан хүмүүс байдаг. Баруун тайгынхан нь харин гадна дотны хүмүүс их очдог болохоор “Зургаа авахуулъя” гэхэд хүртэл мөнгө нэхдэг болчихсон байна гэлээ.  Тэрээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд нэгэн бүлэг сонирхолтой хүмүүстэй таарчээ. Тэд нэг хот айл болов уу гэмээр харагдаж. Гэхдээ их л хэнэггүй содон амьдралтай. Эхнэрүүд нь согтуу цай аягалж өгөөд л.  Ийм байдлыг Д.Дэжидгүнчин гуай анх удаа харсан болохоор эвэртэй туулай үзсэн мэт гайхаж байснаа дурсаад инээв.  Одоо ч энэ хот айл Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд байдаг ажээ. Бас Хэнтийн нурууны оргил дээр Холбоо хөх нуур гэж бий гэнэ. Нэг зун явж байтал 14 хандгай шумбаад орчихжээ. Хөлгүй нуур гэж ярьдаг тул “Одоо ч гарч ирэхгүй нь дээ” хэмээн бодож байтал  замаг зуучихсан гарч ирсэн гэнэ. Хөлгүй нууранд хоёр цаг шахуу байчихаад хандгайнууд гараад ирж.  Их усч амьтан шиг байгаа юм гэнэ.  Энэ мэтчилэн ойн хайгуулын ажилд явахад сонин сонирхолтой үйл явдал  олон тохиолддог бололтой.

 

ХҮН ТАНИХГҮЙ МӨРТЛӨӨ ХАРСАН МОДОО АНДАХГҮЙ МЭДНЭ

Манай улсын ойн 80 хувь нь Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Архангай гэсэн таван аймагт байдаг. Д.Дэжидгүнчин гуай бүгдэнгээр 5-6 удаа хайгуулын ажлаар явсан ажээ. Хүнийг нүдэлж танихдаа муу мөртлөө явсан газраа 10 жилийн дотор бол андахгүй мэддэг гэлээ. Жалга судаг, унасан хатсан модыг хаана байсныг нь шууд л хэлдэг. Ямар  сайндаа л шавийгаа тэнд явж байна гэхээр нь “Одоо наана чинь нэг бөгтөр мод байгаа шүү. Доогуур нь гараарай” гэхээр шавь нь “Багш жаахан дэгсдүүлээд байна уу даа” гэх.  Гэтэл удалгүй залгаад “Багшаа уучлаарай. Нээрээ нөгөө  мод чинь байна” гэдэг аж.  Ингэж л тэрээр Монголын ойн сан бүхий газрыг залуусын ярьдгаар бол нүхлэсэн хүн.  40 жил хайгуулын ажилд явахдаа нэг удаа ч төөрч байгаагүй гэхээр ямар ажигч, гярхай хүн гэдэг нь харагдах ажээ. Түүний хэлснээр хайгуулчны ажил гэдэг зунжин яваад намар буухад зүрхшээх үе байдаг ч байгаль дэлхийтэй ойрхон энэ мэргэжилдээ тэр дэндүү хайртай. Ойн хайгуулчныг олон сургуульд бэлтгэж байгаа ч сүүлийн үеийн хүүхдүүд биеэ зовоохгүйгээр хоол олж идэх гэдэг болсон байна. Харин социализмын тогоонд чанагдсан хүмүүс л ажлыг чанартай, үр бүтээлтэй хийж байжээ гэж ярина.  “Олон хоног сараар хээр ажиллахад цасаар шуурна, бороо орно, төөрнө, ан амьтнаас айна гээд адал явдлаар дэндүү баян.  Энэ бүхнийг даван туулж л байж ойн хайгуулчин мэргэжлийг эзэмшинэ дээ. Түүнээс байранд сууж,  бичиг цаас эргүүлээд ямар ч нэмэргүй”  гэв.  Нээрээ ч түүний амьдрал цас бороо, зовлон жаргал, хатуу хүтүү болгон дундуур туучиж ирсэн мэт санагдана.

 

МАНАЙ САЛБАРЫГ МЭРГЭЖЛИЙН ХҮН Л УДИРДААСАЙ

Энэ мэт биднийг хууч­лах зуур гэрийн эзэгтэй хоол цай аягална. Түүний гэргийг Д.Шагдардаш гэдэг. Тэд ханилаад 45 жил болжээ. Зун хавар, намрын цагт гэртээ үзэгдэхгүй хүний ар гэрийг авч явна гэдэг мэдээж амаргүй ажил байж таарна. Д.Дэжидгүнчин гуай ч үүнийг мэддэг учраас ханийгаа ихэд хайрлан дээдэлдэг юм билээ. Тэрээр “Сайн ханийн буянд ар гэртээ санаа зовохгүй олон жил болж ирлээ. Миний улсад 40 гаруй жил амжилттай ажилласны маань гол хүч нь хань минь юм даа” хэмээнэ. Д.Шагдардаш гуай ч өвгөнийхөө ажлыг ихэд ойлгож иржээ.   “Би багаасаа олон өнчин дүү нараа өсгөсөн.  Амьдралын хатууг мэднэ ээ. Нөхөр минь эзгүй яана гэж бодож байгаагүй” гэнэ.  Сонирхуулахад Д.Шагдардаш гуай Соёлын гавьяат зүт­гэл­тэн, нэвтрүүлэгч Д.Цоодолын төрсөн эгч юм байна.  Тэднийх хоёр хүүхэдтэй. Хүү нь саяхан  Хойд Суданд эмч нарын багт үүрэг гүйцэтгээд ирсэн байна.  Харин охин нь ШШГЕГ-т ажиллаж байгаад гурван жилийн өмнө өөд болжээ.  Дүүгээ баавгайд алдсан ахын сэтгэл, охиноо өвчнөөр алдсан аавын нүдэнд нулимс ойр ойрхон хурах ажээ.  Гэхдээ охин нь зээг нь үлдээгээд явжээ.  Одоо эмээ өвөө хоёрт зээ охиноо хайрлан хүний зэрэгт хүргэх хүсэл л үлдсэн байна.  Амралтын өдөр болохоор л ач зээ нар нь ирээд гэр нь дүүрч эмээ өвөө хоёр баяр хөөрөөр дүүрдэг бололтой юм. Ач нартаа нэг нэг гацуур тарьж өгчээ. Тэд нь ирээд өөр өөрийн модоо усална, арчилна.  “Энэ чиний мод шүү” гээд заагаад өгчихөөр түүнийгээ хайрлаад, нэр өгөөд хүүхдийн сэтгэлгээ хүртэл өөр болдог юм билээ” хэмээв. Ойн хайгуулын чиглэлээр олон жил ажилласан түүнээс Монголын ойн сангийн нөөц, өнөөгийн байдлын талаар асуухгүй өнгөрч боломгүй.

 

Тэрээр энэ тухай “1970-аад онд Тужийн нарсанд мэргэжлийн хүмүүс ч төөрдөг байсан. Одоо бол 30-40 км-ийн цаадах л харагдаж байна. 1980 онд Түнхэлийн тэнд хуш өшиглөхөд шуудай самар унадаг байсан. Одоо нүцгэн тал болчихсон байгаа. Ой түймэрт их шатлаа. Ихэнх нь хүний хариуцлагагүйгээс болж байна. Гэхдээ яах вэ. Сэргэж байна уу даа л гэж харах юм. Зах зээлийн үед  энэ салбарыг мэргэжлийн хүн удирдаагүйгээс харласан мод болгоныг урагш нь гаргана гэсэн тогтоол гаргаад бүгдийг нь зарж дуусгасан. Худалдааны мэргэжилтэй хүн энэ мод хэдэн төгрөг болох нуу гэж харна. Тэр үед санаатай санаагүй түймэр их гарсан даа. Энэ салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулахгүй байгаагийн хар гай байхгүй юу. Тиймээс цаашид мэргэжлийн хүн удирдаасай” гэв. Тэрээр амьдралынхаа туршид байгаль дэлхийтэйгээ хамт байсан хүн. Салбарынхан нь 20 жил майханд амьдарсан хүн хэмээн хүндэлнэ.  Энэ 20 жилд Д.Дэжидгүнчин гуай ухаарч, уярч, алдаа оноо, жаргал зовлон дундуур туучиж ирсэн гэлтэй. Одоо тэр ирэх хаврыг хүлээж сууна.