Ч.ОЛДОХ
Сүхбаатар аймгийн малчин, улсын манлай уяач Ц.Онгуутай ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу. Танай нутгаар намрын өнгө, өвлийн бэлтгэл ямар байна?
-Манай нутагт сайхан намар болж байна. Энэ жил манай аймгийнхан 70 жилийн ойгоо тэмдэглэж өнгөрүүлсэн. Зүүн бүсийн их хурд наадмыг зохион явуулсан. Байгаль дэлхий ч нар, хураа ивээсэн сайхан жил байлаа. Одоо өвөлдөө бэлтгээд хүн бүр завгүй. Өвлийг өнтэй давна гэсэн сэтгэл, итгэл дүүрэн ажиллаж байна.
-Аймгийнхаа 70 жилийн ойгоор төрийн хүндтэй шагнал авсан гэж сонссон. Ингэхэд та хэчнээн жил адуу маллаж байгаа вэ?
-Аавын минь үлдээсэн буян, адууны хийморь ивээж энэ жил төрийн хүндтэй шагнал хүртлээ. Одоогоос 10 жилийн өмнө, аймгийнхаа 60 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор шагнуулж байлаа. Энэ жил “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсандаа баяртай байна. Би жаахан байхаасаа уралдааны морь унаж өссөн. Моринд хүнддэх болсоноос хойш адуу маллаж, уяж уралдуулж ирсэн. Насаараа адуу дагаж, тэрхүү хийморьтой амьтны буяныг дааж амьдарч байна. Ингээд бодоход 40 гаруй жил морь уячихаж шүү.
-Адууг ачиж уралдуулах аргыг анх та санаачилсан байх аа?
-Хамгийн анхны адуу ачиж улсын наадамд амжилттай уралдсан хүн би байгаа юм. Миний араас олон залуус улс, бүсийн наадамд шандаст хүлгүүдээ уяж, уралдуулах болсон. Залуучууд маань адууны жинхэнэ хийморь, золбоог гаргаж байна. Сүхбаатарын адуу хурдан гэдгийг өнөөдөр хаа сайгүй мэддэг боллоо. Энэ том амжилт.
-Танай удамд морь шүтэж амьдарсан ямар хүмүүс байна?
-Манжийн сүрэгчин хошуу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байсныг та бүхэн түүхээс мэдэх байх. Тэр сүрэгчин хошууны Да нь миний өвөг эцэг байсан. Пэл да гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг юм. Өнөөдөр түүнээс улбаалаад Дарьгангын жижиг зээрд гэдэг алдарт хурдын хүлгийг мэдэхгүй хүн үгүй. Адууных нь дээд өвөг хурдны угшилтай байхад Сүхбаатарын адуу шандастай байх нь аргагүй. Тиймээс би саяхан гаргасан “Онгуу мээрэнгийн адуу” номдоо түүх, дусамжаас авахуулаад бүгдийг оруулсан байгаа.
-Одоо танай адуунд хаанахын ямар угшил зонхилж байна?
-Газар газрын хурд, янз бүрийн угшил бий. Адууныхаа цусыг сайжруулах гэж Сэлэнгэ аймгаас азарга авчирсан. Г.Пунцагбалжир агсны адуунаас ч бий. Гэндэн Бадиа үүлдэр гэлцдэг Ширээтийн цагаан угшлын нутгийн адуу ч байна.
-Сүхбаатар аймгийнхан хурдаа хадгалах, адууныхаа үүлдэр, угсааг сайжруулах талаар их ярьдаг. Тэгсэн атлаа хэрэгжүүлдэггүй юм шиг ээ?
-Гадагшаа зарагдаж байгаа адуунуудын тухай судалж, хянадаг тогтолцоо байх ёстой болов уу. Одоогоор тодорхой болгосон судалгаа алга. Цаашид энэ талаар анхаарна байх. Нутгийн хурд гадагшаа олноор гарч байгаа. Гэхдээ Монгол дотроо байгаа шүү дээ.
-Тухайлбал, би танаас адуу худалдаж авчихаад таван жилийн дараа миний унаган адуу гэхэд болно гэсэн үг үү?
-Авсан хүмүүс баталгаатай тэгж хэлдэг. Тэгэхээр судалгаа хэрэгтэй байгаа юм.
-Та сүүлийн үед яагаад улсад уралдахгүй байгаа юм бэ?
-сүүлийн жилүүдэд улсын наадамд явсангүй. нутагтаа морио явж байна.