М.ЦЭЦЭГ
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхтэй хамт өнгөрсөн долдугаар сарын 29-нд баривчлагдсан М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарын өмгөөлөгч болон гэр бүлийнхэн Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийнхэнд хандлаа. Дээр нэр дурдсан хүмүүсийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мөнгө завшсан байж болзошгүй гэх хэргээр Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хорьж, шалгаж байгаа юм. Тэд өнөөдрийн байдлаар 57 хоног хоригдоод байна.
М.Тулгын өмгөөлөгч Б.Уранцэцэг болон Э.Төмөрбаатарын өмгөөлөгч А.Зүмбэрэл нар үйлчлүүлэгчдийгээ гэм буруугүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Харин М.Тулгын ээж М.Эрхэмхүү хүүгийнхээ биеийн байдлыг маш муу байгааг онцлов. Тэрээр “Миний хүү Ерөнхий сайдын дор ажиллаж байснаараа асуудалд орлоо. “Нүүрс” хөтөлбөр сайн хэрэгжсэн, гэхдээ тэр биш миний хүүг, хорин хэдэн настай залуусыг нийгэмд орон зайгүй болголоо. Дарга нар дээрээ эвээ олж, ардын хүүхдүүдийг зүгээр орхиоч гэж хүсье. Ерөнхийлөгч та, АТГ-аа эргэж хараач. Миний хүү хөлбөмбөгийн мастер, өмнө нь хөл нь гэмтээд хагалгаанд орж байсан. Одоо хөл нь мэдээгүй болчихсон. Хэрэв миний хүү хөлгүй болчихвол Авлигатай тэмцэх газар төлж өгөх үү. Ийм зүйл тохиолдвол би хүүгийнхээ хөлийг төрөөс, АТГ-аас нэхэх болно. АТГ эрх мэдэлтний гарт үйлчилдэг болсон гэдгийг ард түмэнд ойлгуулж хэлмээр байна. Дарга нар сандал ширээгээ булаалдана биз, үүндээ ардын хүүхдүүдийг ашиглаж болохгүй.
Хүү минь “Нүүрс” хөтөлбөрийг санаачилсан гэж шинэчлэлийн баатар болж байсан. Нийгэмд баялаг бүтээж буй сайхан залуучуудын амьдралыг тасаллаа, бидний хүүхдүүдийг сулла. Хэрэв хүү минь мөнгө завшсан бол эцэг, эх нь ингэж амьдрах байсан уу. Хүүхдээ хоригдсоноос хойш хоол ч хоолойгоор давсангүй” гэж уйлан ярив.
Мөн Г.Батхуягийн ээж Ж.Сумъяасүрэн хүүгээ ямар хэрэгт яагаад холбогдсон тухай тодорхой мэдээлэлгүй байгаа гэнэ. Ямар ч байсан нүүрстэй холбогдоогүй, хувийн нэг компанид ажиллаж байсан гэв. Тэрээр хүү, оюутан охинтойгоо гурвуул амьдардаг гэнэ. Жинхэнэ авлигачдыг илрүүлэх ёстой байгууллага жирийн ардын хүүхдүүдэд зохиомол хэрэг тулгаж байгаа нь буруу гэж үзэж байгаагаа хэллээ.
Харин Э.Төмөрбаатарын аав А.Эрхэмбаатар энэ хэргийг шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Түүний хүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.