Д.ЦЭЦЭГ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр боллоо. 1930-аад онд Монголын армийг нөхөж баршгүй гарз дайрсан тэр үеийг монголчууд жил бүрийн энэ өдөр Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж эргэн дурсдаг уламжлалтай. Энэ жил Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог, Засгийн газар болон УИХ-ын гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Мөн нийслэлийн удирдлагууд болон хэлмэгдэгсдийн  үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцсон юм.

Орон нутгийнхан ч энэ өдрийг өргөн хүрээтэй тэмдэглэсэн. Тухайлбал, Өвөрхангай аймгийнхан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан хөшөөг нээсэн байна. 

Мөн энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог хэлмэгдэгчийн хүүхэд болох 100 настай Л.Ишжамцтай уулзаж хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрээр өндөр настан Л.Ишжамцад мөнгөн тэтгэлэг олгосон байна.

Манай улс энэ өдрийг 19 дэх жилдээ тэмдэглэж байгаа. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэрэг эрс дайсны суманд бус өөрсдийнхөө гарт өртөж хэлмэгдсэнийг цэрэг армийнхнаас эхлээд түмэн олон харамсч, тэдний дурсгалыг өнөөг хүртэл хүндэтгэж явдаг хэмээн уг хүндэтгэлийн ёслолд ирсэн иргэд ярьж байв. Хэлмэгдүүлэлтийн хор уршиг Халхын голын дайны эхний саруудад ч мэдрэгдэхүйц байсан тухай ахмад дайчид мөн дурсч байсан юм. Ийнхүү хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг 1950-иад оноос хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 30 гаруй мянган хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Тэр дундаа цэргийн удирдах албан тушаалтнууд бүгд цагаадсан гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Түүнчлэн 18036 хүний ар гэр, төрөл төрөгсдөд нөхөн олговор олгосон байдаг юм байна. Харин одоогоор 6000 гаруй хүний цагаатгалын материалыг судалж байна.

Энэ үеэр хэлмэгдэгс­дийн ар гэрийн төлөөлөл ийн ярьж байна.

 

Увс аймгийн уугуул Ч.Дамдинсүрэн:

 

-Миний өвөө Увс аймгийн захирагч Б.Зул гэж хүн байсан. Аавыг маань З.Даржаа гэдэг байсан. Мөн аавын маань дүү болон миний ах эдгээр дөрвөн хүний бүх эд хөрөнгийг нь хурааж, цаазалсан байдаг. Төр засгаас эдгээр хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдийг харж үзэх талаар нэгдсэн бодлоготой ажиллахыг хүсдэг. Зөвхөн нэг сая төгрөгөөр олон хүний амийг үнэлж болохгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд улс төрийн  хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд дэмжлэг өгөх талаар хууль батлах хэрэгтэй байна. Энэ асуудлаар төр, засгийн тэргүүнүүдтэй уулзах боломж бидэнд төдийлөн байдаггүй.

 

Хан-Уул дүүргийн иргэн Ц.Үнэнбат:

 

-Намайг найман настай байхад миний аав Дашдоржийг 1938 онд Архангай аймгаас баривчилж яваад цаазалсан. Тухайн үед эсэргүүний хүүхэд гэдгээр сургуульд суралцах боломжгүй байсан учир том ах Цэдэндамбаар овоглож орж байлаа. Би төр улсдаа 40 орчим жил ажилласан. Хийсэн ажил хөдөлмөрийг минь үнэлж төр, засаг сайн хандсан. Харин гэм буруугүй байж улс төрийн хэлмэгдэлд өртсөн хүмүүсийн үр хүүхэд, хойч үеийг харж, хамгаалах талаар Шинэчлэлийн Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй. Улс төрийн хэлмэгдэл гэдэг энгийн зүйл биш гэдгийг төрийн түшээд анхааралдаа аваасай. Бидний дуу хоолойг сонсдог байгаасай гэж хүсч байна.