Н.МӨНХЖИН
Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын ойг угтаж АНУ-д “Коран судрыг шатаах” өдрийг зохион байгуулж дэлхий даяар лал шашинтнуудын уур хилэнг бадрааж байсан сүмийн номлогч Терри Жонс лал шашинд хэрхэн ханддаг болон АНУ-д заналхийлж буй аюул, Барак Обамагийн талаар ярьж байна.
-Саяхан Youtube-ээр цацагдаж лал шашинтнуудын уур хилэнг төрүүлж, нэлээдгүй хүний аминд хүргэсэн “Лал шашинтны гэм зэм” хэмээх кинотой та ямар холбоотой вэ?
-Би энэ киноны зураг авалтын бүлэгтэй холбогдож байсан. “Лал шашинтны гэм зэм” киноны продюсер надтай ярьж киноны сурталчилгаанд дэмжлэг үзүүлээч гэсэн. Би хэд хэдэн веб сайтаар энэ киноны рекламыг явуулж өгсөн юм. Өөр юм алга даа.
-Та лал шашинтан цөөнгүй байдаг АНУ-д амьдардаг. Яагаад энэ шашинд дургүй байдаг юм бэ?
-Тийм ээ, Америкт лалууд цөөнгүй бий. Бараг есөн саяд хүрэх байх шүү. Би Европт 30 жил амьдарсан, бүх Европыг дуусгасан хүн. Орост л байгаагүй байх. Египет болон Африкийн орнуудад ч байсан. Лал шашин хэрхэн өсч өндийхийг би нүдээрээ харж байлаа. Тэгээд Америкт буцаж ирэхдээ дэлхий даяар лал шашин зүгээр өсч өндийж буй биш, бүр лалын радикализм, хэт даврах үзэл өндийж, газар авч буйг ойлгосон. Сүүлийн үед бидний хийж буй үйлдэл нь энэ аюулыг л сануулж, анхааруулж буй хэрэг юм. Лал шашны заналхийлэл өрнөдийн хувьд нэн хурцаар тавигдаж байна. Гэвч Ерөнхийлөгч Обама үүнийг үл тоомсорлож байна.
-Та АНУ-ын Ерөнхийлөгч рүү их дайрах юм. Яагаад?
-Обама өөрөө лал шашинтан гэж би боддог. Тэр лалын ертөнцтэй их холбоотой хүн. Түүний эцэг лал хүн байсан, хойд эцэг нь ч бас лал шашинтан. Обама өөрөө сургуульд элсэхдээ шашны үзэл бодлоо “лал” гэж бичүүлсэн байдаг. Тиймээс тэр лал шашны хэт үзэл дэлхийд учруулж буй аюулыг зүгээр л тоолгүй өнгөрдөг. Түүний зарчим, байр суурь Америкийн үндсэн үнэ цэнэ болсон эрх чөлөөнд харшилдаг.
-Та АНУ-д лал шашныг хориглохыг хүсч байна уу. Тэгвэл үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө яах болж байна аа?
-Үгүй ээ. Гэхдээ би лал шашинтнуудад өөрийн илгээлтээ дамжуулахыг хүсч байна. Та нар манай улсад амьдарч, шашнаа шүтэх гэж байгаа бол сайхан л байна. АНУ-ын Үндсэн хуулийн анхны өөрчлөлтөөр шашин шүтэх эрх чөлөөг хамгаалж өгсөн байдаг. Шашнаа шүтэж, залбирахад болохгүй юм алга. Харин хэт даврах, хэт шүтэх үзлийг би яриад байна. Хэн нэг нь АНУ-ын үндэсний бүтцэд хор хохирол учруулж, манай Үндсэн хуулийн эрхийг зөрчихийг би хүсэхгүй байна.
-Та АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан. Танд амжилтад хүрэх боломж байгаа гэж үү?
-Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялах, ялагчийн үзүүлэлтэд ойртож очих тухай яриагүй. Эцсийн эцэст миний нэр хэдхэн тойрог дээр л нэр дэвшигчдийн жагсаалт дунд байж байвал боллоо. Би зүгээр л Америк эдүгээ ямар байдалд байгааг ойлгуулахыг хүссэн юм. Олон жилийн дараа Америкт буцаж ирэхэд бидний ёс суртахуун, сэтгэл, эдийн засаг, улс төрийн байдал ямар их доройтсоныг хараад цочирдсон. Өнөөдөр эрх барьж буй улстөрчид зүгээр л улс төрөөр тоглож байна. Улс орон аль хэдийнэ дампуурчихаад байхад тэд санаатайгаар дуугүй царайлж байна. Бид өдөр бүр гурван тэрбум доллар үрж байгаа нь арай дэндэж байна. Яаралтай арга хэмжээ авахгүй бол эдийн засаг ухраад зогсохгүй сүйрэл болно.
-Энэ дэлхий дээр олон хүн таны үхлийг хүлээж, лал шашныг “үздэггүй” танаас өшөө авахыг хүсч байна...?
-Миний гэр бүл үүнд санаа зовниж л байна. Би айж байна гэж хэлээгүй ч сэтгэл түгшиж л байна. Намайг, миний ойр дотны хүмүүсийг ална хядна гэсэн хэдэн зуун захиа, зурвас ирсэн. Миний амийг 2.4 сая доллараар хүртэл үнэлсэн. Одоо би зохиож буй арга хэмжээ болгоноо “Коран судрыг шатаах олон улсын өдөр”, “Зөнч Мохамедийг шүүхээр оруулах өдөр” гэж нэрлэдэг. Намайг ална гэж өдөр бүр заналхийлдэг. Гэхдээ би зэвсэгтэй явдаг, эргэн тойрныхон маань ч зэвсэгтэй. Бид нуугдаж, ухрах ямар ч бодол алга.