Н.МӨНХЖИН

“Facebook”-ийг үндэслэгч Марк Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нар ирэх арван жилийн хугацаанд хийгдэх эмнэлэг, анагаахын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гурван тэрбум ам.доллараар санхүүжүүлэх болсноо зарлалаа. Тэд энэ мөнгийг хувийн сан хөмрөгөөсөө гаргах аж.

Цуутай хос өнгөрсөн оны аравдугаар сард охинтой болохдоо “Chan Zuckerberg Initiative” хэмээх буяны, сайн үйлсийн сан байгуулсан юм. Тэр үед Цукерберг “Facebook” компанид эзэмшиж буй хувьцааныхаа 99 хувийг сайн санааны үйл хэрэгт зарцуулна хэмээн мэдэгдэж байсан билээ. Дэлхийн долоон тэрбум хүний тэн хагасыг “уулзуулж”, харилцаа холбоотой байлгадаг хамгийн том сүлжээг санаачилсан залуу хос хүүхэдтэй болсныхоо дараа “Энэ дэлхийг яавал илүү сайхан, ээлтэй болгох вэ” хэмээн эргэцүүлэх болсон аж.

Цукербергийн хэлж буйгаар, тэрээр ойрын хэдэн жилд 45 тэрбум ам.долларыг эрүүл мэнд, боловсролын салбарыг сайжруулах, шинэ түвшинд гаргах, шударга бус байдалтай тэмцэхэд зарцуулах бололтой. Цукерберг, хятад гаралтай Чан хоёр 2012 оны тавдугаар сард гэрлэж хуримаа хийсэн юм. Тэд Харвардын их сургуульд суралцаж байхдаа танилцаж есөн жил үерхсэний дараа ийнхүү эхнэр, нөхөр болсон билээ. Цуутай хос олон нийтийн өмнө тун цөөхөн гарч мэдэгдэл хийхдээ ихэвчлэн сайн үйлсийн аян эхлүүлж, ихээхэн хэмжээний санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх нь жирийн үзэгдэл болоод байна.

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Уоррен Баффет дэлхийн баячуудад хандаж эд хөрөнгөнийхөө тал хувийг буяны, сайн санааны үйлст хандивлахыг хэдэн жилийн өмнө уриалж, өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлж байсан билээ.

Энэ долоо хоногт “Microsoft” компанийн удирдлага хорт хавдартай тэмцэх хиймэл оюун ухааныг бүтээх ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсноо зарласан юм. “Google” компани өвчний оношийг өндөр нарийвчлалтай тогтоох программыг боловсруулах “DeepMind” хэлтсийг бай­гуу­лаад байна. “IBM” корпораци Масса­чусетсийн техно­логийн хүрээлэнтэй хамтарч хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах компьютер, роботыг бий болгохоор ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин