Ч.ОЛДОХ

 АН-ын  орон нутгийн сонгуулийн төв штабын менежерээр намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат томилогджээ. Энэ шийдвэрийг тус намын Гүйцэтгэх зөвлөл гаргасан байна. Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль Ардчилсан намд төдийгүй ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчнүүдийн хувьд чухал ач холбогдолтой гэдгийг Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнтэй уулзахдаа онцлон тэмдэглэв. Тэрээр цааш хэлэхдээ “УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхийн саналыг авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд яаран дүн шинжилгээ хийж, улс орны амьдралд эргэлзээ үүсгэсэн нь орон нутгийн сонгуулийг ээдрээтэй болгож байгаа. МАН хэдийгээр АН-ыг муулах гэж үйл ажиллагаа явуулсан ч  эргээд ард иргэдийн амьдралыг муужруулах чиглэл рүү хэлбийсэн нь байж болшгүй зүйл. Би өмнө нь ч хэлж байсан, УИХ-ын 2016 оны сонгууль хэдийгээр МАН парламентад 65 суудал авсан ч гэсэн нийт санал өгсөн соногчдын 45 хувийн саналыг л авсан. Амьдрал зөвхөн парламент дээр үүсдэг зүйл биш. Амьдрал нийгэмд, ард иргэдийн дунд буцалж байгаа зүйл болохоор үүнийг бид дутуу үнэлж, дутуу харж, өөрөөр хэлбэл парламентын олонхийн саналаар хүч түрж болохгүй. Энэ байр суурийг бид байнга илэрхийлж ирсэн. Тиймээс орон нутгийн сонгууль бидний хувьд Ардын намын хийсэн олон ухралтыг зогсоох, нөгөө талаас ардчиллын төлөөх бусад нам,иргэний хөдөлгөөн, ТББ –ууд нэгдэх хариуцлагатай цаг үе юм. АН-ын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлана.Өнөөдрийн байдлаар орон нутгийн сонгуульд нийтдээ 15 мянга гаруй нэр дэвшигч бүртгүүлсний 7500 нь манай намын нэр дэвшигч юм. Асуудалтай зүйлүүд бас байна. Бүртгэлийн хугацаанд ялихгүй зүйлээр шалтаглан нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, жил бүр сонгууль болгоноор гардаг сонгуулийн хорооны бүтцийг нэг талыг барьж хийснээс үүдэн зөрчил үүсгэх гэсэн маргаантай зүйлүүд олон байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаж шийдвэрээ гаргах байх. Гэхдээ сонгуулийн штаб  бүх нэр дэвшигчээ дэмжих, орон нутгийн сонгуульд зохион байгуулалттай орох бэлтгэл  ажлаа үндсэндээ эхэллээ. Орон нутгийн сонгуультай холбоотой эргэлзээ дагуулж байгаа нэг том асуудал бий. Энэ нь бүртгэл, шилжилт хөдөлгөөний тухай байгаа  юм. 2016 оны Их хурлын сонгуулиар нэг сонгогч олон газар санал өгсөн магадлал өндөр гэсэн гомдол санал АН-д нэлээд ирсэн. Үүнийг нухацтай авч үзэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс АН-ын бүлэгт санал оруулж, сонгогчдын шилжилт хөдөлгөөн, бүртгэлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж  УБЕГ, ТЕГ-т хандана. 2016 оны үйл явдалд дахин шинжилгээ хийлгэх санал тавина. Үнэхээр бидэнд ирсэн баримтуудаар нэг сонгогч 2-3 газар санал өгсөн байх юм бол энэ онц ноцтой гэмт хэрэгт тооцогдоно.Энэ явдлыг дахин гаргахгүй байх нь манай штабыг гол үүрэг юм. Түүнчлэн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой “царцаа”-ны   асуудлаар  Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж  хэлэлцэх шатанд явж байгаа. Үүгээр би юу хэлэх гээд байна гэвэл, 2016 оны УИХ-ын сонгуулиар гарсан хууль зөрчсөн булхайтай үйлдэл дахин битгий давтагдаасай гэж хүсч байна. Энэ бол иргэд сонголтоо үнэн зөв хийх үндсийг бүрдүүлэх юм. Энэ долоо хоногт бүртгэлтэй холбоотой асуудлаар аймаг,дүүргийн намын удирдах шатны ажилтнуудын зөвөлгөөнөө хийнэ. ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд орон нутаг, сумдад ажиллана. Энэ сонгууль сумдын иргэдтэй өнөөдрийн амьдралын бодит байдлыг мэдрүүлэх, хэлж өгөх, болохгүй байгаа олон ухралтыг иргэдэд  ойлгуулах сонгууль болно.  Би ухралт гэдэг энгийн үгээр нэрлэж байгаа ч  бидний олон жилийн хөдөлмөрийн үр шимээр олсон эдийн засгийн хөгжлийг гацаасан нь буруу гэж үзэж байгаа. Монгол Улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жил буурсан ч огцом өсөлттэй байсан Огцом тэлэлтийг бий болгосон. Эдийн засгийн том эргэлт мөнгөний бодлогоор хэрэгжиж, улс орныг, ард иргэдийг ажилтай, орлоготой байлгах чиглэлд олон зүйл хийснийг хэн ч  үгүйсгэж  чадахгүй. Нийгэмд өгсөн гэнэтийн цочрол  эдийн засгийг шоконд оруулж,өөрөөр хэлбэл эдийн засгийн огцом агшилтыг өгсөн нь улс орны ирээдүйд асар муугаар нөлөөлнө гэж бид үзэж байна” гэв.

Өнөөдөр орон нутгийн сонгуулийн өмнөх нөхцөл байдал ийм байгаа гэдэгтэй  тус намын олонх Д.Эрдэнэбаттай санал нийлж байгааг эх сурвалжууд хэлж байгаа юм. Тийм учраас учраас  АН энэ удаагийн сонгуулиар МАН-ын хийсэн ухралтыг ард түмэнд ойлгуулах, тайлбарлахаас ажлаа эхэлнэ гэдгийг шат шатандаа ярьж тохирчээ.

Эх сурвалж: www.polit.mn