Г.ХИШИГСҮРЭН
Энэ жил Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаа. Энэ ажлын хүрээнд тус аймгийн сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэд рүүгээ чиглэсэн олон ажил хийж байна. Тус аймгийн Батсүмбэр сумын нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ, Багийн иргэдийн нийтийн хурал хэрхэн ажиллаж байгаа талаар тус сумын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дарга С.Сүхээ гуайтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ жил нутгийн өөрөө удирдах байгууллагын 20 жилийн ой тохиож байгаа. Танай сум хэчнээн хүн амтай вэ. Сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтэц зохион байгуулалтыг товчхон танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн болон налгар намрын өдрүүдийн мэнд дэвшүүлье. Манай Батсүмбэр сум 7000 хүн амтай, Нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатны нэгж болох дөрвөн багтай. Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл, мод зүсмэл материалын үйлдвэрлэл голлон эрхэлдэг сум. Багуудад багийн иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгчид гэсэн бүрэлдэхүүн ажилладаг. Багийн иргэдийн нийтийн хурлын дарга баг дээрээ өдөр тутмын үйл ажиллагааг зохион явуулдаг. Харин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 21 төлөөлөгч, долоон тэргүүлэгч, байнгын гурван хороотойгоор үйл ажиллагаагаа зохион байгуулдаг.
-Та сая гурван хороотой үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Ямар ямар хороотой үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-”Байгаль орчин хөдөөгийн бодлогын хороо”, “Төсөв санхүү нийгэм эдийн засгийн бодлогын хороо”, Шалган тогтоож асуудал боловсруулан дүгнэлт гаргах бодлогын хороо, ИТХ-ын дарга нарийн бичгийн дарга гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна даа.
-Энэ онд Нутгийн өөрөө удирдах байгууллагын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. 20 жилийн өмнөх НӨУБ болон одоогийн үйл ажиллагаатай харьцуулбал?
-Нутгийн өөрөө удирдах байгууллага 20 жилийн өмнө орон нутагт өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй тарчигхан байдлаар үйл ажиллагаагаа эхэлсэн . Тэр үед аймаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал олон төлөөлөгчтэй байсан. Өнөөдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 21 төлөөлөгчтэй болж цөөрсөн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа сайжирч, сум орныхоо хөгжлийн чиг бодлогыг тодорхойлон боловсруулж, түүний ажил хэрэгжилтэнд үнэлэлт өгөх зэргээр үйл ажиллагаа нь бэхжиж байна. Одоо суманд сумын хөгжлийн бодлого, нийгэм соёлын салбар байгууллагуудын бодлого, Мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх бодлого, Байгаль орчныг хамгаалах бодлого зэргийг боловсруулан баталж мөрдөж ажиллан, сум орноо хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хөгжил дэвшлийн талаар манай хойт бүсийн сумдын хэмжээгээр онолын хурлыг хавар Баянчандмань суманд зохиоход бид үнэн байдлыг тунгаан ярилцаж олон сайхан асуудлуудыг нутгийн удирдлагын холбоонд илгээсэн.
-Танай сумын хувьд багийн иргэдийн нийтийн хурал иргэддээ хэрхэн хүрч ажиллаж байна вэ?
-Багийн иргэдийн нийтийн хурлын дарга жил улирал сарын ажлын төлөвлөгөөгөө батлуулан түүнийгээ мөрдөж ажилладаг. Сар бүр зохиосон ажлынхаа тайланг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд илтгэж танилцуулан урамшуулал авдаг. Сар бүр багийнхаа иргэдтэй биечлэн уулзахын зэрэгцээ нийтийг хамруулж, хэсэгчилсэн байдлаар хуралдаж багаас тухайн иргэний буюу багийн хэмжээний ажил асуудлыг хэлэлцэж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргад уламжилж асуудлуудыг шийдвэрлүүлдэг. Мөн багийн иргэдээс гаргасан санал шүүмжлэл, хүсэлтийг холбогдох байгууллага, ажил хариуцсан мэргэжилтэн, албан хаагчдад үүрэг болгон өгч шийдвэрлэсэн байдлыг дараагийн улирлын багийн иргэдийн нийтийн хуралд иргэдэд өөрсдөөр нь мэдээллүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь иргэдийн сэтгэлд хүрсэн бодит ажил болж байна.
-Энэ хурлын үйл ажиллагааг эрчимжүүлж, сайжруулахын тулд ямар ажил зохиовол үр дүнтэй гэж үзэж байна вэ?
-Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлуудаар сумын хэмжээнд доголдож байгаа буюу зайлшгүй хийж шийдвэрлэх амин чухал асуудлыг цаг тухайд нь авч хэлэлцэж, бодит дүн шинжилгээ хийж, тодорхой зорилт дэвшүүлж, шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх талаар хөөцөлдөж, тухай бүр хэрэгжилтийг дүгнэж ажиллаж, ИТХ-ын ажлыг жигд эрчимтэй явуулах ёстой. Багийн иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг сайжруулвал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажил сайжирна. Тийм учраас Багийн иргэдийн нийтийн хурлын даргыг ажиллах нөхцлөөр бүрэн хангаж , олгож байгаа урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэж олгох цаг болсон байна.
-Энэ эрхийн хугацаанд ИТХ-аас сумын хэмжээнд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт ямар төвшинд байна вэ?
-Энэ хугацаанд сумын хөгжлийн бодлого боловсруулан баталж түүнийгээ хэрэгжүүлж ажилласан. Бодлогын хэрэгжилтийг биелүүлж байгаа гэж үзэж байна. Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй энэ бодлого уялдаатай явж ирсэн. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ оны долдугаар сард хэлэлцэхэд 92,5 хувьтай байсан. Үлдэж байгаа хугацаанд дутуу хийсэн ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг даалгаврыг өгч ажиллаж байна. Энэ байдлаас харахад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагаас эрхийн хугацаанд хийх ёстой ажил бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Ингээд энэ 20 жилд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан төлөөлөгчид тэдний ажлын албанд ажиллаж байсан бүх хүнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.