Х.ЦОЛМОНЗАЯА

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Ерөө, Хүдэр сумд болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар үзлэг шалгалт зохион байгуулсан байна.

Тус шалгалтаар эвдэрсэн гарзыг нөхөн сэргээх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан “С” захиралтай “Агро копт” ХХК нь байгаль экологид 95 гаруй сая төгрөгний хохирол учруулсан, Ерөө сумын Могойн гол нэртэй газарт иргэн “Б” 10 гаруй сая төгрөгний хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мөн Б гэгч нь Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 270 сая төгрөгний хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорын байгууллагад материалыг хүргүүлсэн байна.

Хамтарсан ажлын хэсэг “Б”, “Г”, “Б” нарт холбогдох гол усыг бохирдуулсан хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна гэж Улаанбатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn