С.УЯНГА
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өнгөрсөн хавар баталж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан юм. Гэтэл МАН-ын Засгийн газар хоёрхон хоногийн өмнө хуулийг буцааснаар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч салбарын сайд С.Бямбацогт, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЭҮК-ийн дарга Бямбадорж нар хэвлэлийн хурал хийж “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг яаралтай оруулж ирнэ. Хамаг чадлаараа хичээж ажиллана” гэсэн үгээр олон нийтийг тайвшруулахыг оролдсон ч нийгмийн эсэргүүцэлтэй тулсан хэвээр байна. Хуулийг хойшлуулах үеэр өмнөх парламентад байхдаа дээрх хуулийг батлуулахаар гар бие оролцож явсан эмэгтэй гишүүд хуулийг хойшлуулах кноп дарсан нь сошиал ертөнцөд ихээхэн шүүмжлэлд өртсөөр байна.
Тэгвэл Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс өнгөрсөн бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Надад тусламж хэрэгтэй. Надад хууль хэрэгтэй” лаа асаах хөдөлгөөнийг зохион байгуулсан юм. Цуглаанд УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн З. Нарантуяа, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, дуучин М.Нарантуяа зэрэг олны танил эрхмүүд, улстөрийн хүрээллийнхэн өргөнөөр оролцсон юм. Иргэд ч олноороо гэр бүл, үр хүүхдээ дагуулан гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэх жагсаалд нэгджээ. Иргэдээс гарын үсэг цуглуулж, УИХ-д шаардлага хүргүүлэх аж.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийллээс болж 95 хүн нас барсан бүртгэл байдаг аж. Иймд тус хөдөлгөөнийхөн эсэргүүцлийнхээ үеэр эдгээр хүмүүст эмгэнэлт илэрхийлэхийн сацуу энэ тоо баримтыг илэрхийлэн асаасан лаагаараа “95” гэсэн тоог дүрслэн харуулжээ. Дашрамд дурьдахад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардсан цахим жагсаалд нэг өдрийн дотор 14982 хүн нэгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин