М.ХҮСЛЭН
Европын Холбооноос “Apple” компаниар Ирланд дахь татвар төлөлт болон хүүнд 13 тэрбум еврог төлүүлэх шийдвэр гаргажээ.
Европын комисс “Apple” компани Ирланд улсад 11 жилийн турш татварын хөнгөлөлтийг хууль бусаар ашиглаж ирсэн гэж үзсэн байна.
Европын Холбооны шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах асуудлыг эрхэлсэн комиссар Маргарет Вестахерын мэдээлснээр Ирланд улс “Apple”-д 2003 онд 1 хувийн татвар ногдуулж байсан бол 2014 онд 0.005 хувь болтлоо бууруулж хөнгөлөлт эдлүүлсэн гэнэ. Европын Холбооны хууль журмаар бол гишүүн улсууд хувийн компаниудад тусгай хөнгөлөлт өгч болохгүй аж. Харин Ирландын Засгийн газар “Apple” компанид тусгай хөнгөлөлт үзүүлсэн гэдгийг үгүйсгэсэн байна.
Ирландын Засгийн газар Еврокомиссын гаргасан шийдвэртэй холбоотой гаргасан мэдэгдэлдээ “Татвар бүрэн төлөгдсөн, улсаас ямар нэг хөнгөлөлт эдлүүлээгүй” гэжээ.
“Apple” корпорациас одоохондоо Европын Холбооноос гаргасан шийдвэртэй холбогдуулан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. АНУ-ын Сангийн яамны төлөөлөгч “Нэг талыг баримталсан дээрх шийдвэр Европын Холбоонд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтад саад урчуулж магадгүй” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин