Б.ЭНХТУУЛ

Эрүүл мэндийн яам энэ  оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Тийм болохоор эхчүүд, хүүхдүүдийг өмөөрсөн хэдэн зүйл сийрүүлье.   Монголчууд бид нар энэ жил гурван сая дахь иргэнээ хүлээж  авна. Магадгүй, та анзаарсан бол “Манайхаас төрчихөөсэй, хүү охин, ач зээ минь  Монголын гурван сая дахь иргэн болчихоосой гээд  сэтгэл догдлон ярих хүн олон байгааг олж харсан байх. Гэтэл энэ их халуун сэтгэл рүү ус цацсан  хар бараан мэдээлэл бас дуусаж, дундрахгүй юм. Эхчүүд, хүүхдүүдээ гэсэн төрийн бодлого дутагдсанаас эсэн мэнд хоёр яс салах төрөх эмнэлэг нь  хүрэлцэхгүй юм, эх хүүхдийн эндэгдэл нь ч  ганц нэгээрээ тоологдохгүй юм.  Эцэст нь  хот, хөдөөгийн эмч нар хариуцлагагүй, хайнга хэмээн цоллуулж,  хэвлийдээ эсэн мэнд тээсэн үр нь эмнэлэгт ирээд энддэг, эмч  сувилагчдын  буруутай үйлдлээс болж, эрэмдэг зэрэмдэг болдог, энэ хорвоогоос буцдаг явдал газар авсаар байна. Шууд­хан хэлэхэд, Монголын мянга мянган бүсгүйчүүд төрөх эмнэлгийн тоо олширч, төр засгийн бодлого шийдвэр хэзээ  ажил хэрэг болохыг хүлээгээд хэдэн жилийн нүүр үзэж байна.

Одоо зарим нь гэртээ төрж байна. Ор, тасаг  нь хүрэлцэхгүй байна гээд эмнэлгийн үүднээс буцаж байна. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг, өөрийгөө өмөөрч чадахгүй шүд зуугаад  явж байна. Олны дунд, мал шиг мөлхөж байгаад эмч, эмнэлэг хоёр нь ч хүртэлцэхгүй зөнгөөрөө төрж байгаа эхчүүд цөөнгүй байна. Орон дээрээ хоёр, гурвуулаа хэвтэж байгаад, ядруухан ээж амарч ч чадахгүй, зүүрмэглэхдээ хөхөөрөө хүүхдээ дарж алж байна. Өөр юу хэрэгтэй гэж... Монголд төрөх эмнэлэг хэрэггүй гэж үү?

Төрд төрөх эмнэлгийн асуудал жижиг байж мэднэ. Харин төрийн бодлогод хүн амын өсөлт чухал баймаар юм. Энэ асуултыг төрөх эмнэлгийн бүхий л асуудалд хошуу нэмэрлэж, хурууны үзүүр хөдөлгөх эрх бүхий бүх хүнд тавимаар байна. Яагаад гэвэл, төрөлт ихсэж, төрөх насныхан олширч байгаа энэ үед  төрөх эмнэлгийн асуудлаар бизнес хийгчид олширч байна. Чадалтай, чансаатай нэг нь улсын эмнэлгийн ачааллаас хуваалцаж байна. Харин чадваргүй, мэдлэггүй нэг нь эхчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглох вий гэсэн болгоомжлол бас байна.  Ингэж хэлж байгаагын учир шалтгаан нь сүүлийн үед  таны гэрээс дутахгүй тохиолог, тав тухтай орчинд аюулгүй, эрсдэлгүй төрүүлнэ гэсэн хувийн эмнэлгүүд бас гарын арван хуруунд багтахаа больж байна.  Эмнэлэгт насаараа ажилласан гэх эрхэмүүд энэ эмнэлгийн загалмайлсан эцэг гээд хэлчихэж болно.  “Гурван гал”, “Хатагтай”, “Таны төлөө бид”  гээд тоочвол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, явуулахаар зэхэж буй эмнэлэг нэлээд хэд бий. Хариуцлагатай нэг нь эхчүүд, хүүхдүүдийг эрсдэлгүй төрүүлж байна. Харин хариуцлага үүрэх чадваргүй нэг нь төрөх явцад хүндрэл үүссэн тохиолдолд Эх нялхасын эмнэлэг рүү буюу Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн Яаралтай тусламжийн тасаг руу  ухаантай, ухаангүй шахам түрж ирдэг тохиолдол олшироод байна. Энэ тохиолдолд  ямар нэгэн эрсдэл гарвал хувийн эмнэлэг нь хумсаа нуусан муур шиг ард нь үлдээд, муу нэрийг нь улсын эмнэлгийн эмч нар дуулдаг жишиг тогтоод удаж байна. Нөгөөтэйгүүр, улсын хэмжээнд  төрөлт сар, улирлаар нэмэгдээд байгаа энэ үед энэ төрөх эмнэлгээр бизнес хийгчид олширох вий хэмээн бас айх. Нэг удаа төрүүлэхдээ тухайн эмнэлгийн хяналтад орсон ороогүй,  1-2 сая төгрөгийг эхчүүдээс авдаг  жишиг бас тогтчихлоо. Тиймээс эхчүүд, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулах, хариуцлагатай эмч нараас бүрдсэн улсын  эмнэлэг яаралтай хэрэгтэй байна гэдгийг төр засгийн удирдлагуудад дуулгах гэсэн юм. Ингэтлээ их яаравчлах болсон шалтгаан бас байна. Эрхэм гишүүд байшин барилгын асуудлыг огт анхаарахгүй байна уу гэвэл бас үгүй юм. Нурсан, шатсан намын байраа ямар ч асуудалгүй уралдаад барьчихдаг. Хорих ангиа олон улсын стандарт, шаардлагын дагуу засч, янзлаад тохижуулчихдаг болохоор нь  эхчүүд, хүүхдүүдийнхээ асуудалд анхаарал хандуулж, хагас дутуу бариад орхичсон төрөх эмнэлгүүдээ энэ жил заавал гүйцээгээд өгөөч гэж гуйх гэсэн юм. Улсын хэмжээнд жилд  80 мянган  хүн төрж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 12897 эх амаржсан байна. Тэд бүгдээрээ  шинээр баригдах төрөх эмнэлгийг хүлээж байна.

 

Байр, суурь

 

ДУТУУ НЯРАЙГ ЗАРИМДАА УЛСЫН ЭМНЭЛЭГ РҮҮ ШИЛЖҮҮЛДЭГ

“Гурван гал” эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч П.Лхагвасүрэн:

 

-“Гурван гал” эмнэлэгт эхчүүд нэлээд өндөр төлбөртэй төрдөг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай эмнэлэгт хүмүүс өөрсдийнхөө сонголтоор ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Төрөхөөр ирж байгаа эхчүүд 900-1.400 мянган төгрөгөөр төрдөг. Үүн дээр орны мөнгө нэмэгдэнэ. Нэг эх нэг өрөөнд байрлана. Тэр өрөөнд гэр бүлийнхэн нь хамт байх боломжтой. Өрөөний хувьд 50-130 мянган төгрөгийн үнэтэй. Нэг эх дунджаар 3-4 хоноод гардаг. Тухайн эх аль өрөөнд орсноосоо хамаарч өрөөний үнэ төрөх үнэ дээр нэмэгддэг. Мөн төрсний дараа гарын бэлэг өгдөг. Үүнд эх болон хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл багтдаг.

-Өдөрт дунджаар хэдэн хүн үйлчлүүлдэг вэ. Танайд төрөхийг хүссэн эхчүүд хяналтад хаана ордог вэ?  

-Өдөрт дунджаар 50-60 хүн амбулаториор үзүүлдэг. Сард 80-100 эх төрдөг. Эх барих эмэгтэйчүүдийн тасаг маань 2011 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш 3000 орчим эх төрсөн. Манайд төрөх эхчүүд өрхийн эмнэлэгтээ хяналтад орохоос гадна манайд давхар хяналтад ордог. Хяналтад ороогүй эхийг манайх хүлээж авдаггүй. -Төрөх үед хүндрэл гарсан тохиолдолд улсын эмнэлэг рүү шилжүүлдэг гэсэн. Энэ үнэн үү?

-Төрөхийн хүндрэл олон шалтгаантай. Гэхдээ манайхаас төрсөн эхийг улсын эмнэлэг рүү шилжүүлсэн тохиолдол байхгүй. Харин нярайг шилжүүлсэн тохиолдолд бий. Яагаад гэвэл ЭХЭМҮТ нь дутуу нярайг хүлээж авдаг улсын хэмжээний ганц эмнэлэг. Төрөлхийн эмгэгтэй хүүхдийн тусламж үйлчилгээг ганцхан тэнд л хүлээж авдаг. Хүмүүсийн дунд нэг буруу ойлголт байдаг. Манайд ирээд улсын эмнэлэг рүү шилжлээ гэдэг. Гэтэл төрөлт нь эхэлсэн дутуу төрөлтийг яалт ч үгүй улсын эмнэлэг рүү шилжүүлдэг. Төрөх үйл ажиллагаа эхэлсэн бол харъяаллынхаа дагуу улсын эмнэлгийн дутуу төрөлтийн тасаг руу шилждэг.

ХҮНДРЭЛ ГАРВАЛ БИД МӨН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Г.Баттулга:

-Хувийн эмнэлэгт төрөөд хүндэрсэн эх, нярай танайд ирдэг гэсэн. Ихэвчлэн оноштой хүмүүс ирдэг вэ?

- Хувийн болон хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд эмчлүүлэх боломжгүй онош нь тодроогүй эхчүүд бүгд манайд ирдэг. Хувийн эмнэлэгт төрсөн, үр хөндүүлээд хүндэрсэн тохиолдолд манайд ирэх тохиолдол бий. Төрөлт авдаг хувийн эмнэлэг цөөхөн. Гэхдээ хүндрэл нь төрөлттэйгөө харьцуулахад бага боловч хүндрэл нь эхийн болон хүүхдийн амь насны заалттай байвал хэцүү. Гэхдээ бид тэр бүгдийг эмчлээд гаргадаг. Өнгөрсөн жилийн байдлаар хувийн эмнэлэгт төрөөд эх эсвэл нярай нь хүндэрч ирсэн 2-3 тохиолдол бий. Тухайлбал, нэг тохиолдол нь үр хөндүүлснээс саванд нь юм үлдэж, үүнээс болж үрэвсэл үүсч хүндэрсэн байх жишээтэй. Хэрэв үрэвсэлтэй үед умайн хүзүүг цэвэрлэвэл умай цоорох, үүнээс үүдэж өгсөх замын халдвар авах цус бохирдох зэрэг эрсдэлтэй. Үрэвсэл үүссэн тохиолдолд эхлээд үрэвслийг дарах эмчилгээ хийсний дараа умайн хөндийг цэвэрлэх мэс ажилбар хийдэг. Мөн хагалгааны аргаар төрсний дараа умайн хөндийд эхэс үлдэж, үүнийг нь оношлож чадалгүй манайх руу шилжүүлсэн тохиолдол бас бий.

-Хувийн эмнэлгээс хүндэрсэн хүн ирээд асуудал үүсвэл хариуцлагыг нь хаана тооцдог вэ? 

-Ажилбар хийж байгаа л бол тухайн эмч хариуцлага хүлээх эрүүл мэндийн асуудалд холбогдож байгаа хэрэг. Эх барихын эмч нар умайн хөндийг нь цэвэрлэчихээд өөр хүн рүү зүгээр гээд явуулчих ёс зүй байхгүй байх гэж боддог. Өвчин нь оношлогдоогүй, хүндэрсэн тохиолдлыг нуух асуудал байдаг. Гэхдээ хариуцлагыг бүгд л хүлээнэ. Хувийн улсын гэж ялгадаггүй. Манайд хэдий хүндэрээд ирсэн ч эмчилгээ үр дүнгээ өгөхгүй, хоёрдогчоор хүндрэл гаргавал бид мөн л хариуцлага хүлээдэг.