М.ХҮСЛЭН
Ливийн эргээс 6500 цагаач дүрвэгчдийг аварсан гэж Италийн эрх баригчид мэдээлсэн байна. Сомали болон Эритрей улсаас гарсан цагаач дүрвэгчид олноор суусан завийг Италийн тэнгисийн цэргийн флотынхон аварчээ. Цагаачид Ливийн эргээс 20 орчим км-ын зайд эвдэрхий завинд шахцалдан сууж явахад нь олсон байна.
Италийн хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудын ярьснаар цагаач дүрвэгчид Ливийн эргээс завинд сууж Италид очиж чадахгүй гэдгээ мэдсээр байж зориглон зам гардаг гэнэ. Тэд завинд суугаад тэнгист гарч 20 орчим км яваад л аврагчдыг хүлээдэг гэнэ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Ливид улс төрийн байдал тогтворгүй болж, тус улсын Ерөнхийлөгч агсан Муаммар Каддафи алагдсаны дараа хилийн хяналт алдагдсан. Үүний улмаас Ливи улсын газар нутгаар Африкийн цагаач дүрвэгчид Италийн эрэг рүү хууль бусаар дамжин өнгөрөх нь ихэссэн. Тэнд хүмүүсийг хууль бусаар Европ руу явуулж мөнгө олдог олон бүлэглэлүүд бий болсон. Италийн тэнгисийн эргийн хамгаалагчид өдөр болгон цагаач дүрвэгчдийн суусан завийг аварч буй. Европ руу урсах цагаачдын урсгал тасрахгүй нь.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин