УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө таван асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 91.1 хувийн саналаар дэмжив. Үүний дараа Эрүүгийн тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулж гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуусан юм. УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталж, энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Гэвч Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай. Иймд хуулийн хэрэгжих хугацааг ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлсэн юм.
Дээрх хуулиудтай холбоотойгоор уржигдар АН-ын бүлэг, хүний эрхийн хуульч, өмгөөлөгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр хүний эрхийн хуульч, өмгөөлөгч, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн Ажлын хэсгийн гишүүд хуулийг хойшлуулахын эсрэг саналтай байгаагаа хэлж, шүүмжлэлтэй хандаж байв. Тэгвэл өчигдөр болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр зарим гишүүн хүний эрхийг хангах хуулийг хойшлуулж, зогсоож байгаад ихээхэн харамсч буйгаа хэллээ. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Л.Болд:
-МАН-ын Засгийн газар эрх зүйн шинэчлэлээс ухралт хийж хэлмэгдүүлэлтийн түүхэнд бичигдлээ. Бямбацогт та энэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар хэдэн хүн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хэлмэгдүүлэлтэд өртөж байна вэ гэдэгт хариуг өг. Та өчигдөр мэдээлэл авмаар байна гэхэд өгөөгүй, хурал орхиод гараад явчихсан. Одоо олны нүдэн дээр хариуг нь өг.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
- Бүгдээрээ сууж байгаад баталсан хууль. Хоёр парламент дамжин хэлэлцсэн. Монгол Улсад ардчилсан нийгэм тогтож, хүний эрх, эрх чөлөөг хангах зорилгын үүднээс дээр, дооргүй ажиллаж байж баталсан хууль. Найман жилийн дараа дуншиж батлагдсан, бүрэн ажиллаад дууссан хууль. Хойшлуулах гэж байгаа юм биш зөвхөн хойшлуулахын тулд оруулж ирж байна. ШЕЗ-өөс хоёр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан гэж Хууль зүйн байнгын хороон дээр Б.Сарантуяа даргаас мэдээлэл иржээ. Гэтэл өнөөдөр бэлтгэл хангагдаагүй гэх юм. Монгол Улсад хууль яг хүчин төгөлдөр болохоос цааш хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. УИХ-ын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн гээд гарчихсан хуулийг буцааж байгаа нь Монгол Улсад хууль дээдлэх, хууль сахиулах ажиллагаанд цэг тавьж байгаагийн илрэл.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хуулиудыг нэг өгүүлбэрээр хүчингүй болгодог. Батлагдсан хуулиудыг УИХ-ын чуулган дээр уншаагүйн төлөө хуулиудыг буцаах асуудал нь зөв үү буруу юу? Өнгөрсөн 12 дугаар сараас ирэх есдүгээр сарын 1-н хүртэл бүтэн есөн сар хуулийн байгууллагуудад хуулиар үүрэг өгсөн учраас заавал биелүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн есөн сарын хугацаанд ямар ажил хийгээд ямар ажил хийгдээгүй юм бэ. Хийгдээгүй шалтгаан, нөхцөл, буруутай этгээд нь хэн байв. Хуулийн хугацааг хойшлуулж ирэх долдугаар сарын 1 гээд ямар муу ёрын тоо вэ. МАН-ын байшин шатсан өдөр байна шүү дээ. Ядаж долдугаар сарын 2 болгооч.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
-МАН хүний эрх чөлөө ярихдаа хойрго байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлж буй 1500 хянагчийг ШШГГ-т нэмэх хэрэгтэй гэж хэлж байгаа бол худлаа тоо. Тэгэхээр 93 тэрбум төгрөг гэдэг бол бас худлаа болж байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-ын байнгын хороо, чуулган дээр худлаа мэдээлэл ярьж ард түмнийг толгойг угааж болохгүй. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Засгийн газар, түүний харъяа байгууллагууд УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэж орж ирж байна. Ийм байж болохгүй.
Зарим гишүүн байр сууриа илэрхийлсний дараа санал хурааж гишүүдийн 71.4 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Мөн Зөрчлийн хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 71.9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.
Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаалаа.
Үдээс хойш Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Мөн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанд оролцон, Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх талаар тайлбар хийх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин