Ч.ОЛДОХ

 Дэлхийн  шинжлэх ухааны академийн  гишүүн,  академич Б.Чадраатай ярилцлаа. 

 -Дэлхийн шинжлэх ухааны академийн чуулган  БНХАУ-ын Тянжин хотноо болсон.  Энэ академийн жинхэнэ гишүүн, монголоо төлөөлж оролцсон эрдэмт­ний хувьд тус чуулганаар хэлэлцсэн сонирхолтой асуудал, гарсан  шийдвэ­рийн тухай манай ун­шигчидтай хуваалцана уу?

-Хөгжиж буй ертөн­цийн Шинжлэх ухааны академи гэж нэрлэгдэж ирсэн Дэлхийн ШУА-ийн их чуулган ихээхэн   со­нир­холтой боллоо. Чуул­ганд БНХАУ-ын ерөн­хийлөгч Ху Жинтао оролцож үг хэлсэн. Тэрээр өөрийн улсын   шинжлэх ухааны  үүргийг тодор­хойлж хэлэхдээ “Шинж­лэх ухаан нь Хятад улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгагч, урагш чирэгч хөдөлгүүр болж байна” гэдгийг онцолсон нь чуулганд оролцогчдын анхаарлыг ихээхэн татлаа. Мөн тэрээр “2006 онд Хятадын шинжлэх ухаан техноло­гийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж баталсан.  Энэ төлөвлөгөөгөөр манай улс дэлхийд тэргүүлэх орны нэг болох юм. Энэ зорилтыг БНХАУ-ын ШУА  улс орны шинжлэх ухаан технологийн төв байгууллагын хувьд амжилттай биелүүлж байна”  гэж дүгнэн хэлсэн. Өнөөдөр дэлхий нийт Хятадын эдийн засгийг анхааран ажиглаж байна. Үнэхээр ч тэндээс зөвхөн ажиглаж хараад зогсохгүй сонирхолтой дүгнэлт, шинж­лэх ухааны гаргал­гаа­нуудыг  хийж   болохоор байна.

-Чуулганаар Хятадын шинжлэх ухааныг ихээхэн үнэлсэн гэдэг нь анзаа­рагдаж байна. Өнөөдөр Хятадын ШУА  ямар хүрээг хамарч, судалгаа шинжилгээ хийж байгааг сонирхуулаач? 

-Бас нэг анхаарах зүйл бол Дэлхийн ШУА-ийн их чуулганаас БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Бай Чунлийг академийн­хаа ерөнхийлөгчөөр сон­госон нь дэлхийн эрдмийн хамт олноос Хятадын шинжлэх ухааны ололтыг өндөр үнэлсэн бас  том үнэлгээ боллоо. Өнөөдөр  БНХАУ-ын ШУА-ийн 100 гаруй хүрээлэн, 12 салбар, 100 гаруй үндэс­ний түлхүүр лабораториуд, үндэсний технологийн судалгааны төвүүдэд 60,000 эрдэм шинжилгээ­ний ажилчин  ажиллаж байна. Тэд  цөмийн эгэл бөөмсөөс сансрын уудам хүртэлх орон зайд болж буй үзэгдлүүд, цоо шинэ тех­ник технологийг  бүтээх нарийн судалгааны ажил хийж байна.

-Тэрхүү маш нарийн судалгааг хийхэд  эдийн засгийн ямар боломж,  санхүүжилтийг  шаарддаг бол. Нөгөө талаар, Хятадын шинжлэх ухааны гол зорилт юунд чиглэгддэг  юм бол?

-2012 оны байдлаар БНХАУ-ын ШУА-ийн санхүүжилт 36,18 тэрбум ам доллар болсон мэдээ байна. Үүний 10 хувь нь хөрөнгө оруулалт бөгөөд хөрөнгийн ихэнхийг Хята­дын шинжлэх ухааны цөм судалгаагаар сонгож авсан биологи, эрчим хүч, сансрын технологи зэрэгт зарцуулдаг юм  билээ. Шинжлэх ухааны ака­деми нь Хятадын засгийн газрын гол зөвлөх бай­гууллага болж ажилла­дагаараа онцлог.  Эрдэм шинжилгээний ажилчдын тоо жил бүр дундажаар 10 хувь  өсч, 28000 судал­гааны төсөл хэрэгжүүлж байна.  Академийн гол зорилтын нэг нь өндөр авъяастай, чадварлаг залуу судлаач­дыг бэлтгэх явдал гэж үздэг юм байна. Үүний­­гээ хэрэгжүү­лэ­хийн тулд бүтэцдээ Хятадын ШУА-ийн дээд төвшний буюу төгсөлтийн дараах боловсрол олгох их сургууль мөн шинжлэх ухаан техникийн их сургуулиудыг байгуулан ажилладаг юм билээ. Оюутнууд мэргэжлийн хүрээлэнгүүдэд тусгай хөтөлбөрөөр хичээллэж дуусаад шинжлэх ухааны академийн  хот,  хөдөө­гийн судалгааны төвүүдэд хуваарилагдан ажилладаг. Энэ сургуулиудад жил бүр 10 гаруй мянган оюутан шалгалт өгч элсдэг. Академи нь 727 академич гишүүдтэй.  Тэд физик, математик, хими, биологи, анагаах ухаан, газрын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн гэсэн зургаан салбарт багтаж  ажилладаг.

-Залуу судлаачдаа  яаж бэлтгэдэг бол? 

-Хятадын шинжлэх ухааны академи  авъяасыг хөгжүүлэх,  бий болгох тусгай хөтөлбөрүүд хэрэг­жүүлж залуу судлаачдыг гадаадад явуулах, гадаадад ажиллаж байгаа өндөр мэргэжлийн залуу судлаачдыг эх орондоо ирүүлэх, гадаадын өндөр мэргэжилтнүүдийг урьж  залуусыг дагалдуулан  сургах зэрэг арга хэмжээг авч байна.   Үүний тулд санхүүгээр дэмжих ар­гуудыг шийджээ. Тухайлбал,  хүрээлэнгүүд нь эх орондоо ирсэн мэр­гэжилтнүүдэд сонирхсон албан тушаалыг нээлттэй хэлэлцэж олгох, байр орон сууц, хангалттай цалин хөлс олгох, судалгаа явуу­лах нөхцлөөр хангадаг. Залуусыг гадаадад явуулж сургахдаа ирэх, очих унааны зардал, жилийн 23,000-39,000 ам доллар олгоно. Гадаадын мэргэ­жилтэн ирүүлэх тохиол­долд замын зардал,  байр, эмнэлгийн үйлчил­гээ, даатгалаас гадна 157,000 ам доллар олгох, 500,000-700,000 ам долла­рын су­далгаа явуулахад зарцуу­лах эрх өгөх зэрэг дэмжлэг үзүүлдэг  юм билээ.

-Ингэхэд урд хөршийн шинжлэх ухааны багаж төхөөрөмжийн тухайд та юу хэлэх вэ?

- Хятадын шинжлэх ухааны академи  “Өндөр шинжлэх ухааны” зориу­лалтаар ашигладаг багаж, төхөөрөмжийн 90 хувь орчмын эзэмшдэг. Энэ багаж төхөөрөмж, лабора­ториудад  эрдмийн хүрээ­лэнгүүд, их сургуулиудын эрдэмтэн, профессорууд ажилладаг. Тухайлбал,  Бээжин дэх электрон позитроны хур­дас­гагч, хэт дамжуулагчин токамак, Шанхай дахь цацрагийн синхротрон, нейтриныг судлах төхөө­рөмж, 150 станц бүхий Хятадын экосистемийн судалгаа­ны сүлжээг дурдаж болно. Мөн  эрдэм шинжил­гээний 267 төр­лийн сэтгүүл хэвлүүлдэг юм байна.  Шинжлэх ухаа­ны академи нь  шинжлэх ухаан технологийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг Хятадын шинжлэх ухаан технологийн үйлдвэрийн анхны парк, анхны шинж­лэх ухаан технологийн хувийн үйлдвэр, “Леново” компьютерийн үйлд­вэрийг үүсгэж байгуулсан болон 29 технологи дам­жуулах төв, инкубатор,  шинжлэх ухааны технологийн найман парк, 250 хамтарсан судалгааны нэгжүүдийг байгуулснаас харж болно. Ганцхан тоо хэлэхэд, тэд  2011 онд  1800 технологийг үйлдвэрийн газруудад нэвтрүүлж  267 сая ам долларын орлого олсон байна.

-Хамтарсан судалгаа, шинжилгээний ажилд хэр анхаардаг юм бол?

-Олон улсын хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал тавьж, сонгон авсан стратегийн чиглэ­лүүдээрээ 150 гаруй хам­тарсан хүрээлэн, хамтар­сан судалгааны баг, багш, залуу судлаачид солилцож  ажиллах шинэ хэлбэ­рүү­дийг бий болгосон байна. Үүний нэг жишээ нь Германы Макс Планкийн нийгэмлэг, Францийн Пастерийн хүрээлэнтэй хамтарсан зургаан  хүрээлэн байгуулсан нь судалгааны ажлын үр дүнг дэлхийн дээд төвшинд хурдан хүргэх боломжтой болгожээ. Хими, физик, материал судлал, мате­матик, геологийн чиглэ­лээр чанарын өндөр төв­шинд судалгаа явуулда­гийн нэг жишээ нь “супер компьютер” зохион бүтээх, сансрын хөлөг бо­лон сансрын нисгэгчийн удирдсан хөлөг, сарыг судлах зориулалттай янз бүрийн багаж төхөөрөмж зохион бүтээх, нүүрс шин­гэ­рүү­лэх, мөнх цэвдэгтэй цинхай-төвдийн өндөр уулсын бүсэд төмөр зам тавих технологийг боловс­руулах зэргийг дурдаж болно. Мөн сүүлийн жи­лүү­дэд шинжлэх ухааны салбар хооронд хүрээлэн дундын судалгааг хөгжүү­лэхэд ихээхэн анхаарч  нэг хү­рээлэн гэхэд л  стра­тегийн цөм 10 чиглэлээр “Нэг ШУА-арван цөм судалгаа” гэсэн хэлбэрээр хамтарсан  баг болж ажиллах зарчим барьж ажилладаг болсон байна.

-ШУА-ийн стратегийн цөм чиглэлүүд гэхээр юу, юу орох вэ?

 -Үүнд компьютер, мэдээллийн технологи, эрчим хүчний шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, анагаах ухаан, тогт­вортой дэвшилтэт хөдөө аж ахуй, далайн нөөц судлал, сансрын шинжлэх ухаан технологи, нано судалгаа, шинэ материал, үйлдвэр­лэлийн биотехно­логи, экологи хүрээлэн буй орчин, иж бүрэн су­далгаа явуулахад зориу­лагдсан “Өндөр шинжлэх ухааны” багаж төхөөрөмж зохион бүтээх зэргийг дурдаж болно. Судалгааны ийм зохион байгуулалт хийснээр төрийн дэмжлэг нэмэгдэж, Хятадын эдийн засгийг хөгжүүлэхэд оруу­лах хувь хандив ихэсчээ. Үүний нэг жишээ нь шинж­лэх ухааны ака­демид нь  бий болсон нэг жилийн патентын тоо 1000-д хүрч жил бүр дунджаар 20 гаруй хувиар нэмэгдэх болсон байна. Дээр нь  2020 он хүртэл хийж гүйцэтгэх стратеги төлөвлөгөөгөө боловсруулж түүнийг хэрэгжүүлэх “Гурван зарчим” гэсэн стратегийг батлаад ажиллаж байна. Энэ “Гурван зарчим”  гэ­дэг нь академийн удирд­лага нь зохион байгуу­лалтыг ардчилсан зарч­маар хэрэгжүүлэх өөрөөр хэлбэл, асуудлыг эрдмийн хамт олны бүх төвшингийн судлаачид оролцож шийдвэрлэж байх. Хоёр дахь нь ил тод чөлөөт сэтгэлгээ, үйл ажиллагааг нэвтрүүлэх, ялангуяа инноваци судал­гаагаар чөлөөтэй хамтрах, дэмжиж хөгжүүлэх. Гурав дахь нь ШУА-ийг нэг­дүгээр зэргийн авъяас, чадвартай хүмүүсээр бэхжүүлэх, өөрөөр хэлбэл өндөр боловсролтой, ихээ­хэн санаачлага идэвхи­тэй, ажил хэрэгч, ирээдүй бүхий хүмүүсийг бэлтгэж, түүн дээрээ түшиглэн ака­демиа цаашид хөгжүүлэх гэсэн агуулгатай юм. Энэ зарчмуудыг хэрэгжүү­лэхийн тулд олон арга хэмжээ авч байгаагийн  дотор зохион байгуулалт  ч орж байна. Академийн бүтцийн тулгын гурван чулууг судалгааны хүрээ­лэнгүүд, боловсролын байгууллагууд, академийн холбогдох бага чуулган гэж тодорхойлсон байдаг юм байна. Энэ бүтэц зөвхөн шинжлэх ухааны академи  төдийгүй бүх Хятадын шинжлэх ухаан, технологийн бодлогыг боловсруулж, хэрэгжүү­лэхэд хамаарна гэж үздэг  юм билээ.  Эцэст нь нэг зүйлийг нэмж хэлэхэд, эгнээндээ 100 гаруй орны шинжлэх ухааны ака­деми, бай­гууллагуудын нэртэй эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн ШУА-нь Хятадын ШУА-ийн ололт, амжилт, үйл ажиллагааг өндрөөр үнэлж зарим ололт, туршилтыг эх орондоо нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж дараагийн жилүүдэд Хятадын ШУА-ийн ерөнхийлөгчийг сонгосон.

Энэ шийдвэр нь хөрш зэргэлдээ манай орны хувьд ч бүр илүү хамаатай.  Бусад авах туршлага, бо­дож санах зүйл их байна.

-Тэгэхээр манай ШУА-ийн хувьд давын өмнө нэвтрүүлмээр турш­лага  юу байна?

-Хятадын ШУА-ийн судалгааны стратеги чиглэлүүдийг анхаарч үзэж манайд нэвтрүүлэх шаардлагатай. Тухайлбал, Монгол үндэстний сэтгэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйдээ цаашид цоо шинэ технологи бий болгох зорилгоор суурь судалгааны сонгомол чиглэлүүдийг хөгжүүлэх судалгааны ажлыг практикт нэвтрүүлэх арга хэлбэрүүдийг сонгон авах, “Нэгдүгээр зэргийн авьяа­сыг хөгжүүлэх” гэдэг хөтөлбөрийг боломжийн хэрээр нэвтрүүлж эхлэх, удирдлагын төвшинд Хятадын ШУА-ийн “Гурван зарчим”, “Нэг ШУА-10 цөм судалгаа” стратегийг судалж үзэх хэрэгтэй л дээ.

Боловсрол, инноваци, шинжлэх ухааны суртал­чилгаа, хэвлэл мэдээлэл, зэргийг хариуцсан нэгж, хүмүүстэй болж болох юм. Ялангуяа дэвшилтэт технологи, судалгааны багаж төхөөрөмж, патент хариуцсан хүмүүстэй бо­лох нь чухал юм. Бо­ловс­рол, шинжлэх ухааныг ойртуулах гэдэг нэрийн дор бүгдийг хавтгай­руулан, нэгтгэх чиглэл барих нь буруу юм. Харин “Нэгдүгээр зэргийн авьяас бий болгох” гэдэг хөтөлбөр л нэвтрүүлэх нь оновчтой биз. Тиймээс авах туршлага  их байна.