М.ХҮСЛЭН
Италийн төв хэсэгт энэ сарын 24-нд шилжих шөнө маш хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн хүч 6.2 магнитуд хүрчээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Аматрич хотод барилга байшин нурсан байна.
Аматрич хотын захирагч Сержио Пироцци Италийн “RAI” телевизэд өгсөн ярилцлагадаа хотын зарим хэсэгт барилга байшин нурж, хот руу орох зам эвдэрснийг мэдээлжээ. “Хүмүүс барилгын нурангид дарагдлаа. Уулнаас цасан нуранги буусан, гүүр эвдрэх аюултай” хэмээн Пироцци онцолжээ.
Одоогоор газар хөдлөлтөд хичнээн хүн нэрвэгдээд байгаа тухай тодорхой мэдээлэл гараагүй байгаа аж. Өчигдрийн байдлаар доод тал нь 14 хүн амь үрэгдсэн гэсэн сураг гарчээ.
Италийн Иргэний хамгааллын алба газар хөдлөлт маш хүчтэй болсон гэдгийг нотолсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Ром хотод ч мэдрэгджээ. Гамшгийн төв цэг Ром хотоос 48 км-ын зайд оршдог Л’Акуила хотын ойролцоо 10 км-ын гүнд бүртгэгдсэн байна.
Л’Акуила хотод 2009 онд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлж 309 хүн амиа алдаж байв. Италийн Иргэний хамгааллын албаны тэргүүн Фабрицио Курциогийн ярьснаар энэ удаагийн гамшиг 2009 онд Л’Акуилад болсон газар хөдлөлтийн хүчтэй тэнцүү болсон гэнэ. Гагцхүү Аматрич хотод хүн ам сийрэг оршин суудаг учраас хохирогчдын тоо харьцангуй бага гэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин