ОХУ-ын “Яблоко” намын тэргүүн Григорий Явлинский “Эрх чөлөө” радиогийн Орос дахь салбарт өгсөн ярилцлагадаа Крымын асуудлыг заавал шийдэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Түүний ярьснаар Крымын хойгийн асуудлыг ОХУ, Украин, АНУ болон Европын тэргүүлэгч орнууд оролцох олон улсын бага хурлаар шийдвэрлэж болох аж.
“Лицом к событию” нэртэй телевизийн нэвтрүүлэгт оролцсон Григорий Явлинский НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ын Крымын хойгийг өөртөө нэгтгэсний дараах хил хязгаарыг хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг хэлжээ. Түүний ярьснаар Оросын хувьд газар нутгийнх нь хил хязгаар олон улсын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэнэ. Түүнчлэн Явлинский Крымын ард иргэд ОХУ болон Украины иргэдтэй эн тэнцүү эрх мэдэлтэй байх нь чухал гэдгийг онцолжээ. Улстөрчийн бодлоор Крымын иргэд Европын холбоонд визгүй аялж, ажлын байраа чөлөөтэй сонгох, хүүхдээ хаана сургахаа өөрсдөө мэдэх эрхтэй байх ёстой аж.
“Крымын асуудлыг ямар ч нөхцөлд заавал шийдвэрлэх учиртай. Үүнийг ганц өдрийн дотор шийдэж болохгүй. Гэвч энэ асуудлаар олон улсын бага хуралд оролцогчид Крымын хойгийн асуудлыг шийдвэрлэх “газрын зураг”-ийг гаргаж чадна” гэж Явлинский өгүүлжээ. Тэрээр “Донбасст болж буй мөргөлдөөнийг зогсоох боломж байна уу?” гэсэн асуултад “Хамгийн түрүүнд салан тусгаарлагчдыг дэмжихийг зогсоож, өш хонзон авах, цус асгаруулсан дайныг зогсоох тусгай хөтөлбөр бий болгох хэрэгтэй” гэсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин