М.ХҮСЛЭН

Эквадорын прокурорын газар “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжаас байцаалт авахыг Шведийн талд зөвшөөрсөн байна. Гэхдээ байцаалт Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны байранд болно. Энэ тухай өчигдөр Эквадорын эрх баригчдын албан ёсны мэдэгдлээс иш татан “The Guardian” мэдээлэв.

Мэдэгдэлд “Ойрын хугацаанд Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны байранд болох байцаалт өгөх ажиллагааны тов тодорхой болно” гэжээ. Эквадорын эрх баригчид сүүлийн дөрвөн жилийн турш Жулиан Ассанжийн хувь заяаг яаж шийдэх талаар олон хувилбар яригдсаныг онцолжээ.

Жулиан Ассанж Австралийн сэтгүүлч, 2006 онд “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулсан. “WikiLeaks” -т маш нууц баримт бичиг материалууд нийтлэгддэг. 2012 оноос Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны байранд нуугдаж байгаа. Түүнийг Швед улс баривчлахаар болсны дараа нуугдах болсон. Шведэд Ассанжийг садар самууны хэрэгт сэжиглэн баривчлахаар болсон билээ.

Харин сэтгүүлч хэргээ эрс үгүйсгэдэг. Хэрэв баригдвал Шведийн эрх баригчид түүнийг АНУ-д хүлээлгэж өгнө гэдгээс Ассанж айдаг. Америкт түүнийг нууц баримт бичгийг задруулсных нь төлөө цаазын ял хүлээж буй. Тиймээс Жулиан Ассанж сүүлийн дөрвөн жил Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд нуугдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин