М.ГАН

Хоёр чуулган дамжин хэлэлцэж буй УИХ-ын гишүүд сайдаар давхар ажиллахгүй байх хуулийн төслийн анхны хэлэлцүүлийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Энэ төслийг Ерөнхийлөгч анх санаачлахдаа Ерөнхий сайдаас бусад сайдыг парламентын гаднаас томилно, хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж тусгасан байв. Гэвч хуулийн төслийг сөрөг хүчин болох МАН-ынхны хүсч байснаар өөрчилж чадлаа. Тодруулбал, Ерөнхий сайд болон бодлогын буюу ерөнхий чиг үүргийн яамдыг удирдах сайд нар парламентын дотроос байж болно гэж өөрчиллөө. Энэ заалтыг С.Бямбацогт нарын МАН-ын гишүүд гаргаж байнгын хороо дэмжээгүй байсан юм. Гэвч чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураахад дээрх саналыг 35 гишүүн дэмжиж, 34 нь зөвшөөрөөгүй юм. Ингэснээр Ерөнхий сайдтай нийлээд таван сайдыг УИХ-ын гишүүдээс томилж болох заалтыг тусгав.

Мөн хэрэгжүүлэх хугацааны хувьд гишүүн Р.Гончигдорж 2016 оны сонгуулийн дараа бүрдэх Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэх санал гаргасныг гишүүд унагалаа. Харин 2014 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэж Сү.Батболд, Су.Батболд нарын МАН-ын гишүү­дийн гаргасан саналыг чуулганд оролцсон ги­шүүд дэмжлээ. Энэ саналыг мөн 35 гишүүн дэмжиж, 34 нь дэмжээгүй юм. Ийнхүү улс төрийн намуудын дунд удтал хэ­рүүл болоод байсан хуу­лийн төслийг эц­сийн хэлэлцүүлэгт шил­жүүллээ. Төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо эцэслэн хэлэлцэж чуулганаар бат­лах юм. Хэлэлцүүлгээс харахад УИХ-ын дарга хуулийг яаралтай бат­лах санаачилгыг эрх мэд­лийнхээ хувьд гартаа ав­чээ. Учир нь “Шударга ёс” эвслийнхэн байр сууриа нэгтгэж чадаагүй гэсэн шалтгаанаар дахин завсарлага авъя гэсэн ч УИХ-ын дарга З.Энхболд өгөөгүй юм.  Мөн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрын бүрэлдэхүүний 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүдээс байж болно, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг буцаая гэсэн хоёр саналыг өмнө нь байнгын хорооны хуралдаанд гаргасан байсан ч эдгээр саналаа татаж авсан юм.

 

Х.БАТТУЛГА, Ж.БАТЗАНДАН, Р.БУРМАА, М.ЗОРИГТ НАР ЭСРЭГ САНАЛ ӨГӨВ

Санал хураалтын дүнгээс харахад Засгийн газрыг бүрдүүлж буй Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн дотроо саналын зөрүүтэй бай­сан нь ил боллоо. Ту­хайл­бал, АН-аас Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нар дээрх хуулийг энэ оноос хэрэгжүүлнэ гэж МАН-ын гаргасан  саналыг дэмжсэн юм. “Шударга ёс”-оос Л.Цог, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Д.Батцогт, бие даагчдаас С.Ганбаатар нар мөн сөрөг хүчний талд санал өглөө. Ингэснээр сөрөг хүчин 26 гишүүнтэй хэрнээ санал хураалтад олонхийг бүрдүүлж чадсан юм.

Засгийн эрхийг барьж буй Ардчилсан намаас яагаад дөрвөн гишүүн өөр санал өгөв гэдэгт улстөрчид янз бүрийн байр суурьтай байлаа. Дээр нэр дурдсан дөрвөн гишүүн хэдийгээр АН-ынх ч гэлээ өмнө нь өөр намын угшилтай байсан гэж үзэж байгаа аж. М.Зоригт бол Иргэний зориг намын гишүүн байсан. 2004-2008 оны парламентад тус намаас дэвшин сонгогдож пар­ламентад сууж байсан ч 2012 онд АН-ын нэрээр УИХ-д сонгодсон ги­шүүн. Х.Баттулгын хувьд “Эх орон” намын угшилтай хүн. Р.Бурмаа  Соцдек намын гишүүн байсан гэдэг бол Ж.Батзандан Иргэний хөдөлгөөний намаас АН-д сүүлд элссэн нэгэн билээ. Зарим гишүүний саналыг хүргэе.

Р.Гончигдорж:

-Сонгуулийн дараа бүрдэх Засгийн газраас энэ хуулийг хэрэгжүүлэх санал гаргасан нь учиртай. Хууль гаргаж Засгийн газрыг огцруулдаг тийм журам байхгүй. Засгийн газрыг огцруулдаг 2-3  дэглэм бий. Түүнээс хууль гарангуут Засаг огцорч болохгүй. Хэрэв тэгвэл Үндсэн хуулийн зөрчил рүү хазайна. Яагаад гэвэл 2016 оны долдугаар сарын 1-нд сонгууль болоогүй байвал энэ хууль хэрэгжээд Засгийн газар огцорчих гээд байгаа юм. Тиймээс дараагийн Засгийн газын бүтэц бүрэлдэхүүний үеэс гэсэн заалт оруулах хэрэгтэй.

С.Баярцогт:

-Монголын төр Үндсэн хуулиа хөндсөн маш том асуудлыг шийдэх гэж байна. Гэвч үүнийг сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцруулах боломж байж магадгүй гэж харж ажиллаж бай­гаа нь харамсалтай. 1998 онд Засгийн газрын ги­шүүн нь УИХ-ын ги­шүүн байж болох хуу­лийг санаачилсан. 1999 онд Үндсэн хуулийн цэц хуу­лийг хүчингүй бол­госон. Дараа нь 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байж болохоор заасан. Энэ нь албан тушаалын хуваарилалт биш. Монгол бол парламентын засаглалтай орон гэдгээ баталгаажуулсан юм.

Ц.Даваасүрэн:

-Анх хуулийн төслийг өргөн барихдаа л Үндсэн хуулийн зөрчилтэй өргөн  барьсан. Хууль  санаачлагчийн зүгээс 2016 он гээд оруулаад ирчихсэн байхад дахин зарчмын зөрүүтэй санал оруулах хэрэг байна уу. УИХ-ын дэгийн тухай хуульд бол Үндсэн хуу­лийн зөрчилтэй асуудлыг засч явах ёстой гэж заасан бай­гаа шүү дээ. Энэ асуу­­дал Үндсэн хууль зөрчиж буй учир би санал ху­раалтад оролцохгүй гэд­гээ албан ёсоор мэдэгдэж байна. 

Ц.Нямдорж:

-Энэ асуудлаар УИХ их удаан ажиллаж, олон удаа завсарлага авлаа. Гишүүд ч их ядарсан байх. Би энэ давхар дээлийг дөрвөн удаа өмчихсөн болохоор ямар нүүрээрээ буруу гэж хэлэх юм бэ. Ц.Элбэгдорж бид хоёр давхар дээлээ дааж ядаад явж байсан хүмүүс. Энэ оруулж ирсэн заалт Үнд­сэн хуулийн заалт­тай зөрчилдөж байгаа уч­раас МАН-ын бүлэг зав­сарлага авч чадахгүй.  Энэ асуудлыг оруулж ир­сэн хүмүүс нь өөрсдөө шийд­вэрлэх ёстой. Ма­най улс Үндсэн хуультай, пар­ламентын засаглалтай бол энэ асуудлыг шийдэх ёс­той. Ерөнхийлөгч энэ хуулиа татаж авах хэрэгтэй.