
С.УЯНГА
Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын жагсаал олон нийтийн эгдүүцлийг ихээр хүргэлээ. Даваа гаригт хэлмэгдэгсдийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж өвөг дээдсийн хэлмэгдсэн дүр төрхийг ичих нүүргүйгээр дахин давтан харуулсанд маш их эмзэглэж байгаагаа илэрхийлж, МАН-ыг энэ үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байлаа. Тэгвэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр нэгдсэн 100 гаруй залуу мөн л МАН-ыг Монголын залуу үеийнхнээс уучлалт гуйхыг шаардаж, тайван жагсаал хийсэн юм. МАН өнгөрсөн долоо хоногт хийсэн жагсаалынхаа үеэр “Айл бүрт нэг янхан, нэг архичин байна”, “Өсвөр үеийнхний 49 хувь нь хар тамхинд умбалаа” гэсэн уриа лоозон барьж, ямар ч үндэслэлгүй ухуулга хийж байсан нь Монголын ирээдүйг үгүйсгэж, залуусын нэр хүнд, итгэл сэтгэлд бүдүүлгээр халдсан явдал боллоо гэж жагсаалд нэгдсэн залуус хэлж байлаа.
БИ ХАР ТАМХИЧИН БИШ, МИНИЙ ДҮҮ ЯНХАН БИШ
Олон нийтийн сүлжээнд нэгдсэн залуус МАН-ын гаргасан үйлдэлд хариу болгож “Бид янхан биш”, “Бид хар тамхичин биш”, “Бид архичин биш” гэсэн үгтэй лоозон барьсан байв. Энэ үеэр залуусын төлөөлөл Б.Ууганбаяр “Монголын 4000 гаруй хүн мансуурагч, 70 мянган хүн архичин, 70 мянган бүсгүй биеэ үнэлэгч гэж хэлснийхээ төлөө МАН Монголын бүх залуус, бүсгүйчүүдээс хүндэтгэлтэйгээр, үнэн сэтгэлээсээ уучлалт гуйх ёстой. Эмс нь ариун бол төр нь ариун гэдэг. МАН энэ үг үйлдлээрээ залуу үеэ доромжиллоо. Улс төрийн бохир тоглоомондоо залуусыг хутгаж байна. Залуу гэр бүлээ дэмждэггүй юм гэхэд ядаж доромжлохгүй баймаар юм” гэлээ. Эдгээр залуус гарын үсэг цуглуулан шаардах бичиг өгөхөөр бэлтгэжээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаалд нэг гэр бүлийн хүмүүс ч ирсэн байлаа. Тэдний нэг Б.Энхбаяр “Манайх 6-13 насны дөрвөн хүүхэдтэй. Тиймээс гэр бүлээ доромжлуулахгүй гэдэг үүднээс ажлаасаа чөлөө аваад эхнэртэйгээ энд ирсэн. МАН-ыг албан ёсоор уучлалт гуйтал эсэргүүцлээ илэрхийлнэ” гэсэн юм. Өчигдөр гадаа бороо орж хүйтэн, шуургатай байсан ч уриа лоозон барьсан залуус нэмэгдэн ирж гарын үсгээ зурсаар байсан юм. МАН-ыг ард түмний өмнө албан ёсоор уучлалт гуйхгүй бол цаашид цахим сүлжээнд санал бодлоо хуваалцдаг залуус хэдэн зуугаараа нэгдэн хэд хоног ч хамаагүй тайван жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж байв. Энэ үеэр ирсэн зарим иргэний саналыг сонслоо.
Д.Шиймаа: ЭМЭЭ БИЕЭ ҮНЭЛЭГЧ, ӨВӨӨ АРХИЧИН БАЙХ УУ
-Жагсаж байгаа залуустай фэйсбүүкт нэгдэж энд ирлээ. МАН Монгол Улсын иргэдийг нийтээр нь доромжиллоо. Хийж бүтээх эрмэлзэлтэй, улс орны ирээдүй болсон Монголын залуу гэрийг арай дэндүү доромжилж байна. Хүүхэдгүй залуу гэр бүлийн нөхөр нь архичин, хар тамхичин, эхнэр нь биеэ үнэлэгч юм уу. Үр хүүхдээ тусад нь гаргаад галаа сахиж үлдсэн эмээ биеэ үнэлэгч, өвөө архичин байх уу. Монголын нийт эмэгтэйчүүдийг хамруулан хэлсэн энэ үг МАН-ыг улс төрийн ямар хүчин бэ гэдгийг илхэн харууллаа. Бид тэдний хэлсэн үгсийг доромжлол гэж үзэж байна. Би дөрвөн хүүхэд төрүүлсэн. Миний гурван охин янхан болж таарах уу.
Б.Энхбаяр: БИДНЭЭС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДАЖ БАЙНА
-Бид нэгнээ фэйсбүүкээр олсон. Эдгээр залуусын үзэл бодолтой санал нэгдсэн учраас цуглаанд ирлээ. Би эхнэртэй, охидтой хүн. Бид ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдралын төлөө нойр, хооло умартан зүтгэж байгаа хүмүүс. Миний эхнэр болон охидыг янхан, намайг архичин гэж доромжиллоо. Биднийг дэмжихгүй байж болно. Гэхдээ битгий доромжлооч. “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Тиймээс биднээс уучлалт гуйхыг шаардаж байна.
Ц.Мөнхбилэг: ЗАЛУУСЫН 440 МЯНГА НЬ ХАР ТАМХИЧИН БОЛЖ ТААРЧ БАЙНА УУ
-Олон нийтийн сүлжээнд бидэнтэй санал бодлоо хуваалцдаг 300 гаруй залуу байдаг. Өнөөдөр тэдний төлөөлөл болсон 100 гаруй залуу энэ цуглаанд ирсэн. Бидний жагсаж байгаа зорилго бол монгол залуусыг хэтэрхий доромжилсон МАН-ын нөхдүүдийн хариуцлагагүй үгсийг эсэргүүцэн цуглалаа. Нийт залуусын 40.9 хувь нь гэхээр нэг сая 130 мянган залуусын 440 мянга нь хар тамхичин болж таарч байна. Иргэдээ ингэж доромжилж байгаа хүмүүс эх орны хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж чадахгүй. Ингэхээр Монгол Улс оршин тогтнох уу. Бид цаашдаа ч эсэргүүцсээр байх болно. Монголын ирээдүй болсон залуус үүнтэй санал нийлэхгүй байна. Албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.