Вьетнамын Хошимин хотын “Нгокуя” зоогийн газрын эзэн үүдэн дээрээ “Хятадуудад үйлчлэхгүй” гэсэн самбар хадсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байна. Хошиминий захиргааны албаны хүмүүс зоогийн газрын эзнээс самбараа авахыг шаардсан ч тэрээр хятад жуулчид түүнд дэндүү дээрэнгүй хандсан учир авахгүй гэжээ.
“Нгокуя” зоогийн газрын эзэн тайлбар хийхдээ, тэрээр урд нь Хятадаас ирсэн жуулчдыг найрсгаар угтан англиар ярьдаг байсан ч тэд англи хэл мэдэхгүй дүр үзүүлэн дэндүү ихэмсэг дээрэнгүй харьцаж, бусад үйлчлүүлэгчдэд дараа болж байсныг дурдсан байна. Тэрээр Хятадын жуулчид төлбөрөө юаниар төлөх гэж зүтгэдгийг ч мөн тэмдэглэжээ.
Хятад жуулчдыг Вьетнамын мөнгөн тэмдэгт вонгоор төлбөрөө хийхийг хүсэхэд тэд яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй хямдрал шаарддаг байсан аж. “Нгокуя” зоогийн газрын эзэн жишээ болгон Хятадын жуулчид орж ирээд нэгэнт идсэн хоолоо захиалаагүй хэмээн идсэнийхээ дараа төлбөрийг нь төлөлгүй гарсныг баримттайгаар харуулсан гэнэ.
Үүнтэй холбогдуулан Хошимин дахь Хятадын Консулын газар Вьетнамын Засгийн газарт эсэргүүцэл илэрхийлэхэд хүрсэн аж. Энэхүү үйл явдлаас өмнөхөн буюу өнгөрсөн долдугаар сарын 27-нд Вьетнамын гаалийн ажилтан Хятадын жуулчны паспорт дээр Өмнөд Хятадын тэнгис дэх нэгэн арлыг Хятадын газар нутаг биш хэмээн хараалын үг бичиж доромжилсон хэрэг гарсан юм байна.
Энд тэмдэглэхэд, Өмнөд Хятадын тэнгисийн газрын тосоор баялаг хэдэн жижиг арлын харъяаллын асуудал Хятад, Вьетнам, Тайвань, Малайз, Филиппин, Бруней зэрэг орны хооронд зөрчил үүсгэж байгаа юм. Нэн ялангуяа эргэн тойрондоо байгалийн хий, нефтиэр баялаг Скарборо гэх шүрэн арал дээрх улсуудын хооронд маргааныг өдөөж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин