М.ХҮСЛЭН

Афганистаны нийслэл Кабул хотод тус улсын цагдаагийнхан болон зочид буудал руу халдсан “Талибан”-ы дайчдын хооронд ширүүн буудалцаан болжээ.

“Талибан”-ы хэт даврагчид энэ сарын 1-ний шөнө “Northgate Hotel” зочид буудал болон гадаадын иргэдэд үйлчилдэг ложистикийн төв рүү тэсрэх бодис ачсан автомашинаар дайрч, хаалгыг нь эвдэн оржээ. Кабул хотын цагдаагийн дарга Абдул Рахманы мэдээлснээр гурван хэт даврагчийг устгажээ. Тусгай ажиллагааны үеэр нэг цагдаа амь үрэгдэж, дөрвөн албан хаагч шархадсан байна. Халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн өөртөө авчээ.

Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудлын зүүн талд оршдог зочид буудал, ложистикийн төв рүү хүрдэг замуудыг хааж, аюултай бүсэд хүчний байгууллага, цэргийнхнийг илгээжээ. Түүнчлэн орон нутгийн хэвлэлд мэдээлснээр зочид буудлыг чөлөөлөх тусгай ажиллагаанд НАТО-гийн хүчнүүдийг татан оролцуулсан гэнэ.

Зочид буудалд байрлаж байсан хүмүүс болон ажилтнууд халдлагад өртөөгүй байна. 2013 онд “Northgate Hotel” зочид буудал нь дипломат цогцолборын зэрэг авч байжээ. Зочид буудлын харуул хамгаалалтыг Афганистаны Дотоод хэргийн яам хүчин хариуцдаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин