М.ХҮСЛЭН
Туркийн эрх баригчид орон нутгийн 100 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг хаахаар болсон байна. CNN Turk-ийн мэдээлснээр мэдээллийн гурван агентлаг, 16 телевиз, 300 хэвлэлийн газар болон 40 гаран сонины үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
Дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаах болсон шалтгаан саяхан Туркт болсон төрийн эргэлттэй холбоотой. Одоо тус улсад онцгой байдал зарласан. Хаагдахаар болсон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-д амьдардаг шашны номлогч Фетхуллах Гюлентэй холбоотой гэгддэг “Feza” медиахолдингийн бүрэлдэхүүнд багтдаг. Анкарагийн эрх баригчид Гюленийг төрийн эргэлтийг зохион байгуулсан гол хүн хэмээн буруутгаж буй. Энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Турк улсад цэргийнхэн төрийн эргэлт хийхийг санаархсан. Төрийн эргэлт бүтэлгүйтсэний дараа Фетхуллах Гюлентэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэлээр олон мянган хүнийг баривчилж, олон хүн ажилгүй болсон. Анкарагаас Гюленийг өгөхийг АНУ-ын эрх баригчдаас шаардсан. Гэвч Гюлен төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг буруушаагаад, өөрөө ямар ч буруугүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин