
М.ГАН
УИХ-ын хаврын ээлжит чуулган гишүүдийн 71.4 хувь нь хүрэлцэн ирснээр үйл ажиллагаагаа эхэллээ. Өнгөрсөн хоёр сарын турш ажиллаж, амарсан гишүүд танхимдаа цуглаж ийн ажилдаа орлоо. Энэ чуулган улсын баяр наадам хүртэл үргэлжлэх хуулийн хугацаатай юм. Мөн цаг үеийн хувьд бүтээлч чуулган байх болов уу. Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан онцлог хууль, тогтоолын төслүүд хэлэлцэх бололтой. Тодруулбал, эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц, арга замыг хууль тогтоогчид эрэлхийлэх болж байна. Энэ тухайд хаврын чуулганы ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ ч онцолж байлаа.
Хаврын чуулганд хууль санаачлагчид, Байнгын хороод, УИХ дахь намуудын бүлэг, эвс лээс 252 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр санал гаргасан ч дөнгөж 52 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсан байна. Өргөн мэдүүлсэн болон санал болгосон хууль, тогтоол, шийдвэрүүдийн төслүүдийг судалж үзэхэд улс орны өмнө тулгамдсан гол асуудлыг хөндсөн, тооцоо судалгааг нарийвчлан хийж боловсруулсан, хэлэлцэхэд бэлэн болсон төслүүд цөөн байгаа аж. Тиймээс өргөн баригдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн амьдралын амин чухал шаардлагатай бодлогын асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг бодит хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор зөв эрэмбэлж цаг алдалгүй хэлэлцэж батлах нь чухал гэж үзэж байгаагаа спикер онцлов. Мөн хоёр оронтой тоонд байгаа эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, эрчээ алдахгүй байх бодлого чухал, их бүтээн байгуулалтыг идэвхижүүлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна гэдгийг З.Энхболд дарга дурдсан юм.
Чуулганы нээлтэд Ерөнхий сайд болон Монгол Улс дахь гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн нар, албаны бусад хүмүүс уламжлал ёсоор оролцлоо. Харин УИХ-д суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл энэ удаагийн чуулганы нээлтэд ирсэн нь онцлог байв. Мөн Төрийн тэргүүн оролцож үг хэлдэг ч энэ удаад гадаадад эмчилгээтэй эзгүй байгаа юм.