М.ХҮСЛЭН

АНУ-ын Филаделфи хотноо энэ сарын 25-нд эхэлсэн Ардчилсан намын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлэх болсныг зарлажээ. Тэрээр АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хамгийн анхны эмэгтэй болж байна.

Америкийн нэгдсэн улсын голлох улс төрийн хүчний нэг болох Ардчилсан нам анх удаагаа эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Долдугаар сарын 26-ны орой Ардчилсан намын их хурлын үеэр Х.Клинтоныг дэмжиж 2382 төлөөлөгч санал өгсөн гэдгийг мэдээлсэн. Үүний дараа сунгааны гол өрсөлдөгч Вермонт муж улсаас сонгогдсон сенатор Берни Сандерс Хиллари Клинтоныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хэмээн зарлажээ. Сандерсийг дэмжигч зарим хүмүүс намын их хурлын үеэр Клинтоныг эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэж байв.

Хилларигийн нөхөр, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон их хуралд илтгэл тавьсан бөгөөд Дональд Трампыг ялахын тулд Ардчилсан намынхныг эв нэгдэлтэй байхыг уриалахын сацууБи түүнийг мэддэг болсноос хойш 45 жил өнгөрчээ. Хиллари өөрчлөлт хийх тал дээр миний мэдэх хүмүүсээс хамгийн шилдэг нь. Бид хоёр 1971 оны хавар гэрлэсэн. Тэрнээс хойш байнга хамтдаа байсанхэмээсэн аж. Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр Билл Клин­тоны хувийн амьдралын талаар хошигнол хийсэн нь түүний эгдүүцлийг хүргэжээ.

Ардчилсан намын их хурлын эхний өдөр АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Хиллари Клинтоныг Ерөнхийлөгч болоход тохирох нэр дэвшигч хэмээн мэдэгдсэн. Цагаан ордны тэргүүн Барак Обамагийн эхнэр Мишель Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампыг шүүмжилсэн байна. Мишель хэлсэн үгэндээЭнэ удаагийн сонгуульд би ганцхан хүнд найдаж байна. АНУ-ын Ерөнхийлөгчид тохирох ганц хүн байгаа, тэр бол бидний анд Хиллари Клинтонгэжээ.

“Wall Street Journal” сэтгүүлийн захиалгаар хийсэн сүүлчийн судалгаанд оролцогчдын 55 хувь нь Хиллари Клинтоныг дэмжихгүй гэжээ. Х.Клинтон Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампаас таван хувиар бага саналтай явна. Сүүлийн үед санал асуулгаар Д.Трампыг дэмжигчдийн тоо өсчээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин