М.ХҮСЛЭН

Олон улсын олимпийн хороо Оросын тамирчдыг хэдхэн хоногийн дараа Бразилын Рио де Жанейрод эхлэх зуны олимпийн наадамд оролцохыг нь зөвшөөрсөн байна. Гэхдээ ОХУ-ын тамирчдыг олимпод оролцох эсэхийг спортын олон улсын холбоод бие даан шийдвэрлэх аж. Уржигдар болсон Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооны шуурхай хурлаар дээрх шийдвэрийг гаргажээ.

“Швейцарь улсын Лозанн хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хурлаар ОХУ-ын багийг олимпийн “Рио-2016” наадмаас хасахгүй байх шийдвэр гаргалаа” гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах мэдэгдлээ. “Нэр цэвэр тамирчдад шударга хандах учиртай, бид тэднийг ийм байдлаар хамгаалж байна. Оросын багийг хасах асуудлаар “за”, “үгүй” гэсэн байр суурь баримталж байсан хоёр талд бидний шийдвэр таалагдаагүй байж магадгүй. Гэхдээ бидний гаргасан шийдвэр нэр цэвэр тамирчдын тэмцээн, уралдаанд оролцох эрхийг хүндэтгэж байгаа хэрэг юм” гэж тэрээр нэмжээ.

ОУОХ-ны Гүйцэтгэх хорооноос Оросын тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцуулж байх асуудлыг шийдвэрлэх эрхийг спортын олон улсын холбоодод шилжүүлсэн байна. Түүнчлэн өмнө нь сэргээшийн шинжилгээнд унаж байсан тамирчдыг эрх нь сэргэсэн ч байсан олимпод оролцуулахгүй болжээ.

Өмнө нь Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) Оросын тамирчдыг Риогийн олимпод оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг (WADA) ОХУ-ын хөнгөн атлетикчдыг шалгасны дараа Хөнгөн атлетикийн холбоо дээрх шийдвэрийг гаргасан. Түүнчлэн WADA-гаас гаргасан тайланд 2014 онд Сочид болсон өвлийн олимпийн үеэр ОХУ-ын спортын албаны хүмүүс сэргээшийн шинжилгээг сольсон тухай мэдээлсэн. Тиймээс Оросын багийг бүрэн бүрэлдэхүүнээрээ олимпод оролцуулахгүй байхаар 14 орны сэргээшийн эсрэг үндэсний агентлагаас шаардлага хүргүүлжээ. Гэхдээ Олон улсын олимпийн хорооноос сэргээш хэрэглээгүй нэр цэвэр тамирчдыг Риод явуулах боломжийг бүрдүүлэхийн тулд ажлын хэсэг байгуулсан. ОУОХ-ноос Оросын Спортын сайд Виталий Мутко болон хэд хэдэн түшмэлд Риог зорих эрхийг нь хориглосон аж.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бахыг мэдэгдэл хийсний дараа UCI, Олон улсын дугуйн спортын холбооны ерөнхийлөгч Брайан Куксон, Олон улсын гандболын холбооноос Оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулна гэж мэдэгджээ. Одоогоор усан спортын төрлүүд, бөхийн төрлүүд, жүдо, бокс, газрын теннис, триатлон, волейбол, бадминтон, туялзуур сэлэм зэрэг спортын холбоод ОХУ-ын тамирчдад олимпод оролцохыг зөвшөөрөөд байна. Харин хүндийг өргөлтийн олон улсын холбоо Оросын туйванчдыг Рио руу явуулахгүй гэж мэдэгдсэн.

Олон улсын олимпийн хорооноос ОХУ-ын тамирчдад Риог зорих боломж олгосны дараа WADA-гаас дээрх шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. WADA-гаас Олон улсын олимпийн хороонд хандан Оросын баг тамирчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь олимпод оролцуулахгүй байхыг зөвлөж байсан аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” оснин