М.ХҮСЛЭН

Өнгөрсөн сарын 31-нд Францын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Гуравдугаар сарын 30-нд болсон орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч Франсуа Олландын тэргүүлдэг Социалист нам ялагдал хүлээсэн билээ. Засгийн газар огцрох талаар Ерөнхий сайд Жан-Марк Айро мэдэгджээ.

Францын төрийн тэргүүн Франсуа Олланд Ерөнхий сайдын албан тушаалд Дотоод хэргийн сайд Мануэль Валльсийг томилсноо зарласан байна. Тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар Мануэль Вальс нь ард олны дунд нэлээд нэр хүндтэй нэгэн аж. Учир нь тэрээр хууль сахиулах тал дээр олон шийдэмгий арга хэмжээ авч байсан юм.

Жан-Марк Эйрогийн халааг авсан Мануэль Валльс 51 настай бөгөөд Испанийн Барселонад төржээ. Түүнийг зарим нэг хүмүүс Николя Саркозитэй зүйрлэдэг байна. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуульд эрх баригч Социалист нам 9 мянгаас илүү хүн амтай 150 хотод ялагдал хүлээсэн юм. Үндэсний фронт эвсэл Францын өмнөд хэсгийн 11 хотод ялалт байгуулжээ. Түүнчлэн сөрөг хүчний Ардын хөдөлгөөний холбоо Тулуз, Кимпер, Лимож, Сент-Этьен хотуудад олонхийн санал авч чадсан байна.

Энэ удаагийн сонгуульд эрх баригч нам ялагдал хүлээсэн гол шалтгаан нь Засгийн газар эдийн засгийн гол асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй явдал байв. Тиймээс олон францчууд консерватив улстөрчид болон цагаачлалыг эсэргүүцдэг барууны хүчнүүдийг дэмжиж санал өгчээ.