Ч.ҮЛ-ОЛДОХ

“Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа “Үйлийн үр бас мөнх бус” сэдэвт хоёр дахь лекцээ энэ сарын 14-ний 15.00 цагт Буянт-Ухаа спортын ордонд унших гэж байна. Түүний лекцүүд хүмүүсийн амьдрал, аж төрөх ёсонд ихээхэн тустай, хүн болгоны заавал мэдвэл зохих зүйлүүдийг багтааснаараа онцлог юм. Энэ талаар бурхан урлаач Д.Ухаанзаяатай ярилцсанаа хүргэж байна.
~-Таны өмнөх лекцийг хүмүүс ихээхэн сонирхож байсныг санаж байна. Удахгүй хүмүүст хүргэх хоёр дахь лекцээ яагаад “Үйлийн үр ба мөнх бус” гэж нэрлэв?
-Эхний лекцээ “Бурханы сургаалаар хүмүүний аж төрөх ёсон” сэдвээр “Монгол бөхийн өргөө”-нд уншсаныг хүмүүс санаж байгаа болов уу. Түүгээр хүмүүний аж төрөх ёсны энгийн зүйлүүд, сайн заяа, муу заяа гэж юу болох, мөн байгаль дэлхийтэйгээ холбогдуулаад лус гэж юу вэ, ад дон гэж юу болохыг ерөнхийд нь ярьж анхан шатны мэдэгдэхүүн олгоход чиглэсэн. Энэ удаагийн лекцээ утга санаа, агуулга сэдвийн хувьд арай гүнзгийрүүллээ. Нэр нь “Үйлийн үр ба мөнх бус”. Яагаад ингэж нэрлэв, ямар учраас энэ сэдвээр лекц хийх болов гэвэл, өнөөгийн цаг үе, даяарчлагдаж буй нийгэм, техникийн асар хурдацтай хөгжлийн эрин үед хүний оюун санаа байгальтайгаа ойр байх, аливаа үүсгүүрдийг олж харах чухал. Залуусын зарим нь байгаа зүйлүүдийг олж харах, түүндээ итгэх, өөрөөр хэлбэл “Би болж байвал бусад нь яадаг юм бэ” гэсэн хандлага давамгайлж байна. Оюуны хоосролд асар их орчихсон, байгаль дэлхий, уул талаа гэж хайрлах, энэрэх сэтгэл алга. Эцэг өвгөдийнхөө цусаа урсгаж олсон газар шороог зарчихсан ч сийхгүй оюуны хоосролтой хүн олон болсон байна. Энэ юунаас болоод байна гэхээр үйлийн үр буюу дотоод сэтгэл, мөн чанар луугаа орж ариусч, ялан дийлж чадахгүй байгаагийнх. Тиймээс хэт материаллаг зүйлд шунаж, адгууслаг шинж чанар руу ойртоод байгаа юм.Хүн ямар үйл хийнэ, түүнийхээ үрийг амсана. Гэтэл хүмүүс хэн нэгэн хараагүй л бол ямар нэгэн үйл хийчихэд болчих юм шиг санаад байдаг. Тэгвэл хүн ямар ч үйл хийсэн үйлийн үрээс зайлж чаддаггүй. Хийгээгүй үйлийн үрийг бол хэзээ ч амсахгүй. Харин хийсэн үйлийн үрийг заавал амсана. Үйл хэзээ ч шамшигдахгүй, түүнээс бий болох үйлийн үртэйгээ заавал учирна. Үйлийн бурханы номд асар нарийн тодорхойлж гаргасан байдаг.Энэ талаар лекцэндээ нэлээд нарийн тусгаж, хүмүүст хүргэхээр бэлдсэн. Мөн мөнх бусын номлол, үхэгсдийн зан үйл, буян үйлдэх тухай ярина.
-Хүн ямар үйл үйлдсэнээр юутай учраад байдаг юм бэ. Зарим хүн “Би санаандгүй явж байгаад өвчин тусчихлаа. Санаандгүй байтал хэрэгт орчихлоо. Намайг зүв зүгээр байж байтал энэ хүн цохичихлоо” гэж ярьдаг шүү дээ?
-Хүмүүс тэгж ярьдаг. Гэтэл Буддын шашны номд санаандгүй, гэнэтийн зүйл гэж байдаггүй. Бүх зүйл үйлийн үртэй, шүтэн барилдлагатай. Тэгэхээр тухайн хүн ямар нэгэн үйлийг үйлдсэн бол үрийг нь амсана. Үйлийн үр гэхээр хүмүүс муу зүйл мэтээр ойлгоод байдаг. Сайн үйл үйлдвэл сайн үрийг амсана. Муу үйлээс муу үр дагавар гарна. Хүмүүс бие, хэл, сэтгэлээ хянан барьж, аливаа муу үйлийг үйлдэхгүй байх нь амар амгалан, сайхан амьдрахын үүд юм. Өвчин тусах үйлийн үр, баян болох үйлийн үр, ядуурах үйлийн үр, нас охор болох үйлийн үр гээд олон зүйл бий. Яагаад ядуу атлаа бусдад өглөг өгөөд байдаг юм бэ, баян атлаа яагаад өглөг өгдөггүй юм бэ, ямар учраас хүмүүс өндөр нам, царай зүс ялгаатай, зарим нь эрхтэн дутуу төрдөг юм бэ. Энэ бүхэн үйлийн үртэй холбоотой. Хүмүүс үйлийн үрийн учир холбогдлыг танин мэдэх аваас сэтгэлдээ бодож байгаа, амаараа ярьж байгаа, биеэрээ үйлдэж байгаа үйл болгоноо хянаж, амьтанд хорлолтой үйлийг тэвчиж сурна. Буян гэдэг ямар нэгэн нүглийн үйлд ч харагдаж болно. Буяны үйлд ч гарч болно. Эцсийн үйл дээрээ ямар нэгэн аз жаргалтай учирч байвал тэр нь буян юм. Мөн буяны үйлд ч, нүглийн үйлд ч эцсийн дүндээ зовлонд унаж байвал тэр нь нүгэл юм. Тиймээс би лекцийн үеэр энэхүү үйлийн үрийн тухай олон зүйлийг энгийн жишээ татаж ярина.
-Мөнх бусын тухай бурхны номд юу гэж өгүүлсэн байдаг вэ. Энэ талаарх лекцэнд юуг нь онцолж хүмүүст тайлбарлаж хүргэхийг зорьж байгааг сонирхож болох уу?
-Лекцийн үеэр” Үйлийн үр” сэдвийн дараа “Мөнх бус” гэсэн сэдвээр илтгэл тавина. Өнөөдөр хүмүүс үхлийн тухай ямар ойлголттой байна. Хүмүүсийн нийтлэг ойлголтод хэзээ ч үхэхгүй гэсэн сэтгэлгээ байдаг шүү дээ. Маргааш үхэхгүй, нөгөөдөр үхэхгүй гэж боддог учраас аливаа ажлыг алсруулж, хойшлуулж орхигдуулж байдаг. Үүний гол учир “Би маргааш үхэхгүй” гэсэн бодолд байгаа юм. Тэгэхээр хамаг үйлийн гэм хор, шалтгаан нь “Би орчлонд амьдарна” гэсэн бодолд байна. Үүний эсрэг “Би маргааш үхнэ”, Би нөгөөдөр үхнэ” гэх буюу “Мөнх бусын орчлонд би удаан амьдрахгүй” гэж бодвол учир утгатай амьдарна, гэгээрнэ. Харин хамгийн тэнэг бодол бол үхэхгүй гэсэн бодол юм. Энэ бол мөнх бусын сургаал. Мөнх бус гэж бодсоноороо ямар ач тустай юм бэ, мөнх амьдрах юм шиг ухвар мөчид ойлгосны үндэс нь ямар хор хохиролтой вэ гэдгийг лекцэндээ нарийн тусгасан. Үүний дараа үхэх, үхэл гэдэг юу болох, хүн яаж амьсгал хураадаг юм бэ. Оршуулгын зан үйл гэж юу болох, ямар дэг жаягтай талаар ярина. Манайхан зурхайг дотор нь гурав хуваадаг шүү дээ. Амьдын зурхай, үхэгсдийн зурхай гэж байна. Энэ дотор үхэгсдийн зурхай маш том хэсгийг эзэлдэг. Алтан хайрцаг /алтан сав/, үхэгсдийн үрийн зурхай гээд дотроо нарийн зүйлүүд бий. Хүмүүс эцэг, өвгөд, ах дүүсээ талийгаач болоход хэн нэгэн хүн дээр очоод алтан савыг нь нээлгээд байдаг. Тэр нь үнэн, зөв эсэхийг мэдэхгүй. Мэдэх арга байдаггүй. Хэрэв тухайн хүн “Алтан сав”-ыг алдаатай гаргасан байх аваас өөд болоочид асар их уналтай. Тиймээс “Алтан сав” гэдэг судар ямар учиртай юм бэ, өөд болоочийн ямар, ямар шинжээр зурхайг нь зурдаг вэ гэдгийг хүмүүст тайлбарлан таниулна. Амьдын зурхайгаас илүү үхэгсдийн зурхай маш нарийн учиртай байдаг. Амьд ахуйд нь зурхайг нь буруу зурлаа гэхэд дараа нь засч болно. Үхэгсдийн зурхайг буруу зурвал асар их унал гарна. Зурхайч нь буруу зурах аваас шинжээг нь буруу тайлбал өөрт нь асар их гэмтэйгээр барахгүй 960 хоногийн дараа өөрөө амь алдах, гэр бүлд нь гарз тохиох, үр хүүхдийг нь өвчин ороох зэрэг унал гарна. Талийгаачийг буруу зүг рүү гаргах, цагийг нь буруу тогтоох, “Алтан сав”-ыг буруу нээх аваас үлдэж буй үр хүүхэд нь нэг жилийн дотор ядууран хоосорч, хэзээ ч амар жаргал үзэхгүй 60 жил зовох нигууртай. Тиймээс ямар чухал гэдэг нь ойлгомжтой. Лекцээр энэ болгоныг тус, тусад нь тайлбарлаж, хүмүүсийн анхаарвал зохих зүйлүүдийг ярина.
-Өөрөөр хэлбэл, үхэгсдийн зурхай дотор анхаарвал зохих зүг, чиг, цагийн тухай, тэдгээрийг буруу гаргавал ямар үйлтэй талаар бүгдийг тайлбарлана гэсэн үг үү?
-Хүмүүсийн мэдэх ёстой зүйлүүд учраас тэдгээрийг бүгдийг хэлж өгнө. Үхэгсдийн оршуулгын зан үйл талаас зарим зүйлийг тайлбарлаж, буяныг яаж үйлдвэл зохистойг нарийн ярина. Манайхан буян үйлдэнэ гэхээр ном уншуулсан төдийгөөр хязгаарладаг. Тэгвэл, талийгаач ямар гэм, уналыг үйлдэж байсан бэ, тэдгээрийг засах нууц тарниудыг уншсанаар дээд төрөл рүү татах увдистай. Энэ талаар лекцэнд ирсэн хүмүүстээ хэлж өгнө. Үйлийн үрийн тухай лекцийг уншиж дууссаны дараа намайг дэмжиж оролцож байгаа “Улаанбаатар Буян” компанийн лам нар “Муу заяанаас гэтэлгэх Дүншигийн 35 бурхны Жамбалмолом” ерөөлийг уншина. Хэн нэгэн нь өөд болоогүй айл өрх байдаггүй. Тиймээс бид бурхан болсон хүмүүсийнхээ хойноос буяныг хэрхэн үйлдэж чадаж байна вэ гэдэгт анхаарах ёстой. Хүмүүс ном уншуулснаар хязгаарлаад орхичихдог. Өөд болоочийнхоо газрыг эргэж, суварганд мөргөж, эргэл мөргөл үйддэггүй. Гэтэл буян дутдагаас эхлээд янз бүрийн юм гардаг. Тиймээс сайн төрлийг олуулахын тулд араас нь маш их буян үйлдэж байх ёстой юм. ямар буян үйлдэх ёстой вэ гэдэг талаас “Улаанбаатар Буян” компанийн лам хуврагууд Авидийн ерөөл, сайн төрөлд төрөх ерөөлийн дээд, номлол, сургаалыг газар дээр нь уншина.
-Лекцийн үеэр сүсэгтэн олонд хэрэгтэй, мэдлэгт нь нэмэр болох гарын авлага, материал тараах уу?
-Лекцэнд ирсэн сүсэгтэн олонд үнэ төлбөргүй тараах материалууд бий. Тухайлбал, таалал болсон хүмүүсийг шүтээний орон руу одуулах номлолыг шингээсэн Авид бурхны хөргийг үнэ төлбөргүй тараана. Үхэл, мөнх бусыг байнга сануулж байх учиртай зургаан зүйл амьтныг мангас үхлийн аманд зуучихсан байгаа сансрын хүрдний зургийг өгнө. Мөн таван зүйлийн сахиус бий. Сахиусуудаа биедээ зүүж явахад муу заяанаас гэтэлгэх увдистай. Амьд ахуйдаа биедээ зүүж, тарнийг тоолж явбал, таалал болсон хойно ч гурван муу заяанд учрахгүй байх сахиусан хүрдүүд бий. Ялангуяа хар Мазуширийн сахиусан хүрд бол биедээ зүүж яваа тохиолдолд оршуулгын газар, үхээрийн бузраас айх аюулгүй, ямар нэгэн муу үйлээс хамгаалж, хүнд уналуудаас аварна. Бид таван төрлийн сахиусыг үнэ төлбөргүй тараахаар бэлдсэн байгаа. Мөн өөрийн бүтээсэн “Бодьмөрийн зэрэг” номлолыг зургаар өгүүлсэн “Үлгэрт ламрим” ном, эцэг эхээ дээдэлж явбал энэ насны хэрэг бүтэж, хойд насанд муу заяанд унахгүй гэгээрэлд хүрэх нууц увдисын тухай эцэг эхээ хайрлах сургаал, эхийн ачийг хариулах тухай “Молом тойны намтар” номыг хямдралтай үнээр борлууна. Мөн цөвүүн цагт зориулсан “Очирваанийн шүтээн” хөргийг лекцийн үеэр борлуулна.
-Лекцээ өдөр судар харж байж товлосон байх. Өдрийн жанлавт ямар учир оршиж буйг хэлж өгөхгүй юу. Мөн тасалбарыг хаанаас худалдан авч болох вэ?
-Лекц энэ сарын 14-ний 15.00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд болно. Энэ өдрийг товлосон учир нь дээд тэнгэрээс 1000 бурхан бууж ирж хамаг амьтанд тусласан гэж бурхны номд үздэг. Мөн энэ өдөр үйлдсэн буян арвижих жанлавтай юм. Тиймээс лекцийг сонссоноор олон зүйлийн утгыг нээж олж авах, буян ихээр үйлдэх боломжтой. Номын лекцийн тасалбарыг “Hi Fi рекордс”-ын CD шоп, Скай их дэлгүүр, “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүд, Гэсэр сүмийн ар дахь “Түвдэнпэлжээлин” хийд, Буянт-Ухаа спортын ордны билетийн кассаар худалдаалж байна. Мөн Ноён зууч-1950 лавлах утсанд хандсанаар тасалбарыг үнэ төлбөргүй хүргэж өгнө. Өмнөх лекцийн үеэр билет хуурамчаар хэвлэж зарсан тохиолдол нэлээд гарсан. Тиймээс билет худалдаж авахдаа хоёр тамга /Буянт-Ухаа спортын ордны тамга, “Цаглашгүй эрхэт” төвийн тамга/ -ыг харж, таван сахисан хүрд дагалдаж байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй. Мөн 99781121, 89981121, 96727277, 93111311 утсанд хандаж захиалан авч болно.