Д.ГЭРЭЛ
АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалттай зэрэгцэн хэд хэдэн улсын Ерөнхий сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-ийн айлчлал үргэлжилж байгаа бол Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс эзэн Чингис хааны талбайд угтан авсан юм.
Яг одоо хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж байна. Үүний дараа албан ёсны хэлэлцээ хийж, гарын үсэг зурах ёслолд оролцох юм. Энэ удаагийн Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайдын айлчлалаар хоёр улс эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх талаар илүү түлхүү ярилцана гэсэн мэдээллийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өмнө нь өгч байсан. Мөн визийн хувьд харилцан адил байх зарчмыг тохирсон шинэ тохиролцоонд гарын үсэг зурахаар төлөвлөсөн гэх мэдээлэл бий.
Үүнээс гадна Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Монгол айлчилж байгаа нь Сингапур улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал юм. Сингапурын Ерөнхий сайд маргааш АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.
Эх сурвалж: Polit.mn

