Ө.БАТХҮҮ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ру манай оронд ирээд хагас жил болж буй юм. Түүнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн лхагва гаригт танай улсын үндэсний баяр тохиожээ. Баярын өдрийнхөө түүхээс товчхон ярьж өгөөч?
-БНСУ анх үүссэн өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэдэг.
Бидний өвөг дээдэс одоогоос 4435 жилийн өмнөх энэ өдөр анхны тулгар улсаа байгуулсан гэж үздэг юм.
-Та манай улсад Элчин сайдаар ажиллах мэдээг анх хэрхэн хүлээж авав. Монгол Улс таны Элчингээр ажиллаж буй хэд дэх орон бэ?
-Элчин сайдаар ажиллаж байгаа анхны орон Монгол болж байна. Өмнө нь Япон, Хятад зэрэг Азийн орнуудад ажиллаж байсан. Монгол, Солонгос хоёр орон анх дипломат харилцаа тогтоосон 1990 онд Гадаад яамандаа Монголыг хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж байлаа. 10 гаруй жилийн өмнө Монгол Улсыг хариуцсан хэлтэст мөн ажиллаж байсан учир танай орон миний хувьд шинэ, содон биш байлаа. Эртнээс таньж мэдэх, элэгтэй улс. Анх Монголд Элчин сайдаар томилогдлоо гэсэн мэдээг хүлээн аваад намайг маш их ажил хүлээж байгаа юм байна гэж ойлгосон.
-Манай хоёр оронд харилцан зорчих иргэдийн тоо, худалдаа эргэлтийн талаар сүүлийн үеийн мэдээ юу байна?
-Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт маш эрчимтэй өсч байна. Солонгосоос Монгол руу бараа экспорт давамгайлж байгаа. Худалдаа эргэлт одоогоор 400 орчим сая долларт хүрсэн байна. Цаашид Монгол Улсын эдийн засгийн хурдацтай хөгжил, ялангуяа уул уурхайн салбартай холбоотойгоор худалдаа, бараа үйлчилгээний эргэлт нэмэгдэж экспорт,импорт нь тэнцэх байх. Магадгүй монголчууд гадаад худалдаанаас ашиг олох тал руугаа орно гэж бодож байна. Өмнө нь манай орноос зөвхөн жижиг дунд үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж байсан бол, цаашдаа Солонгосын томоохон пүүс, корпорациуд Монголыг сонирхож, хөрөнгө оруулалт хийх талаар судлаж байна.
-Та Элчин сайдаар ажиллаад буцах хугацаандаа хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх ямар ажил хийе гэж төлөвлөсөн бэ?
-Надад хоёр санаа бий. Эхнийх нь Солонгосын дэлхийд танигдсан томоохон пүүс, корпорациудыг Монголд хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар судлан ажиллаж байна. Хоёрдугаарт, иргэдийн харилцан зорчих нөхцлийг илүү хөнгөлөх, цаашлаад визгүй зорчдог болоосой гэж хүсч ажиллаж байгаа. Бас нэг зүйлийг онцлоход хоёр орны хооронд үйлчилгээ үзүүлж байгаа авиа компанийн тоог нэмэх хэрэгтэй гэж үзэж буй юм.
-Элчин сайдтай уулзсаных визийн хөнгөлөлтийн талаар иргэд асуугаасай гэж бодож байгаа байх. Саяхан хэлэлцсэн виз хөнгөвчлөх гэрээг хэзээнээс мөрдөх вэ. Танай талаас виз олгохоос татгалзах гол шалтгаан юу байна?
-Виз хөнгөвчлөх гэрээ энэ сарын эхний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Хамгийн гол нь ганцхан танай улсаас ч биш бусад орнуудаас олон тооны иргэд манай улсад хууль бусаар оршин сууж байна. Солонгос орныг зорих болсон шалтгааныг нь бид нарийвчлан авч үздэг. Бид виз олгоход шаарддаг материалынхаа тоог багасгаж, шалгаж хариу өгөх хугацааг ч богиносгож байна. Энэ ажил цаашид үр дүнгээ өгвөл цөөн материал шаардаж, богино хугацаанд виз олгодог болно гэж үзэж байгаа.
-Та манай орны өвлийн улиралыг анх удаа үзэх гэж байна уу. Өмнө нь ийм хүйтэн оронд очиж үзсэн үү ?
-Үзээгүй. Одоо л хүйтэн өвлийг үзэх гэж байна.