Б.ОНОН
МАН-ын цагаан байр шатаж, өнөөгийн Тусгаар тогтнолын ордныг босготлоо Ардын намынхан Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын эзэмшлийн байранд түр “амьдарч” байв. Тухайн үед МАН засаг барьж байсан болохоор Тусгаар тогтнолын ордон руу нам нь нүүсэн ч Нийслэлийн МАН-ын хороо тэр байшинд үлдсэн юм.

Харин өнгөрсөн сонгуулийн дүнгээр нийслэлийн удидлагууд өөрчлөгдөж, Э.Бат-Үүл нар зарим зүйлийг цэгцэнд нь оруулахаар шаргуухан ажиллаж буй.
Энэ хүрээнд сар шахмын өмнө Нийслэлийн өмчийн харилцааны газраас МАН-д “Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын байрыг чөлөөлөх тухай” хугацаатай мэдэгдэл өгчээ. Тодруулбал 2012 оны аравдугаар сарын 5 гэхэд нийслэлийн өмчийн энэхүү байрыг суллахыг МАН-д мэдэгджээ.
Гэсэн ч МАН товлосон хугацаанд байрыг сулласангүй. Нийслэлийн МАН-ын дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээрээ дамжуулан, “АН-ынхан нийслэлийн эрхийг авчихаад МАН-ыг ад шоо үзэх боллоо. Нийслэлийн хүүхэд залуучуудын газарт нийслэлийн МАН байрладаг. Түрээслэдэг, энэ бол зах зээлийн ердийн харилцаа. Яахаараа өнөөдөр энэ газрын байранд МАН байж болохоо байчихав” гэсэн гоморхсон, эсвэл бяцхан улстөржүүлсэн тайлбарыг хийгээд авав.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн байрыг суллах хугацаа өнгөрөөд гурав хонож байна. МАН нүүнэ гэдэг үгүй бололтой.
Уг нь МАН Нийслэлийн хүүхэд залуучуудыг газраас хөөгдөх, тэр ч байтугай тэнд байрлах ямар ч боломжгүй ажээ.
Нийслэлийн МАН сүүлийн хэдэн сарын түрээсийн төлбөр болох 490 сая төгрөгийг төлөөгүй байна. МАН гэрэний дагуу түрээслэгчийн хувьд төлбөрөө цаг тухайд нь төлөх үүргийг хүлээсэн байдаг аж. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хөөгдөх шалтгаан.
Нөгөө нь, 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталж, тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гарын үсэг зурж баталгаажуулсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар МАН энэ байрыг түрээслэх, түр “амьдрах” эрхгүй юм байна. Тус хуулийн долдугаар зүйлийн 7.1-д “Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно” гэжээ.
Өөрөөр хэлбэл, НХЗГ-ын байранд Ардын нам битгий хэл, тус газрын үйлчилгээг эрхэлдгээс өөр ямар ч байгууллага байрлах нь хориотой аж.
Гэвч МАН-ынхан ингэж үзэхгүй, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой. Өөрсдийнхөө баталсан хуулийг мэдэхгүй байна гэж юу байхав, мөн хөлсөлж л байгаа бол мөнгө төлдөг гэдгийг ойлгохгүй байна гэж үгүй. Гэвч нөгөө л, бүхнийг өөрсдийн дур зоргоор хийж, олон жил ноёлсон эрх мэдлийн ташууралд нь халдсантай эвлэрч чадахгүй байгаа ажээ. Зүй нь, МАН бол төр биш билээ.