Д.АРИУН

МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж, намаасаа улс төрийн томоохон албан тушаалуудад ажиллах хүмүүсийг тодруулна. 1997 онд АН-ын дарга Ц.Элбэгдоржийн үеэс эхэлсэн “Ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой” гэдэг жишгийг МАН-ын дарга М.Энхболд дагасангүй, өөрөө УИХ-ын дарга боллоо. Нэгэнт намын дарга нь Ерөнхий сайд болоогүй болохоор Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг анхаарал татсан сэдэв мөнөөсөө мөн. МАН сонгуульд ялсаны маргаашнаас л Ерөнхий сайд болох хүний талаар таамаг хэвлэлүүдээр цувсанаас хамгийн бодитойг нь С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат нар гэдгийг МАН-ын даргын ойрын эх сурвалж хэлж байна. Товчхондоо бол МАН залуу улстөрчдөө энэ албанд сойх тодорхой болжээ. С.Бямбацогт өнгөрсөн дөрвөн жилд МАН-ыг цөөнх байхад УИХ дахь бүлгийг ахалж, намынхаа нүүр царай дуу хоолой болж ажилласан гэдэгтэй намынхан нь санал нэгдэж буй. Ж.Эрдэнэбатын тухайд аймгийн Засаг даргаас УИХ-ын суудалд сууж, МАН засагт хамтрах зурвасхан хугацаанд Сангийн сайдын албыг хашсан билээ. Хэнийг нь илүү, хэнийг нь дутуу гэх аргагүй энэ хоёр залуу улстөрчөө МАН бага хурлаараа оруулаад олонхийн санал авсанд нь Ерөнхий сайдын тамга атгуулах аж.

Бага хурлын гишүүд хэний төлөө гараа өргөх нь МАН-ын дарга М.Энхболд хэнийг нь дэмжиж байна вэ гэдэгтэй хамааралтай гэдгийг мартаж болохгүй. МАН дотор аль хэдийнээ Ж.Эрдэнэбатыг намын даргын “хамаатан садан” хэмээн яриад эхэлсэн байна билээ.

Эх сурвалж: www.polit.mn