
М.ГАН
Ховд аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарсан, Баян-Өлгий аймагт битүү зах ашиглалтад орсон гэх мэт орон нутагт таатай мэдээ олонтой долоо хоног өнгөрч байна гэж “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ. Баян-Өлгийн битүү зах ашиглалтад орсноор баруун гурван аймаг битүү захтай болж байна. Энэ ажлыг Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас санхүүжүүлсэн, энэ хөрөнгийн зарцуулалтыг УИХ-ын хаврын чуулганд тайлагнана гэж Ерөнхий сайд дурьдлаа.
ЗГХЭГ-ын дэргэд Боомтын нэгдсэн захиргаа байгуулагдан ажиллаж байна, ирэх сарын 1-нээс хил, гаалийн үйл ажиллагаа цэгцэрч эхэлнэ гэж “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад оролцсон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэллээ. Тэрээр хил, гаалийн үйлчилгээнд ямар асуудлууд бугшсаныг газар дээрээс нь сурвалжлан олон нийтэд хүргэхийг хэвлэл мэдээллийнхэнд уриаллаа. Сэтгүүлчдийн сонирхсон асуултад Ерөнхий сайд ийм хариулт өглөө.
-Украин, ОХУ-ын харилцааны асуудал олон улсын анхаарлын төвд байна. Олон орон байр сууриа илэрхийлсээр байгаа. Харин манай нэг сайд ОХУ-ын хэвлэлд ярилцлага өгчээ. Энэ ямар учиртай вэ. Монголын Засгийн газар энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газар байр сууриа илэрхийлээгүй. Сайдын байр суурь Монголын байр суурь биш. Хувь хүний бодол. Шаардлагагүй зүйл дээр байр суурь илэрхийлэх шаардлагагүй. Шаардлагатай бол илэрхийлээд явна.
-Роснефтийн захирал Монголд үдлээд явлаа. Түүнтэй шатахууны үнэ бууруулах, татварыг хөнгөлөх талаар ярилцсан уу?
-Ирсэн, би уулзсан. Монголд урт хугацааны туршид тогтвортойгоор шатахуун нийлүүлэх санал дэвшүүлсэн. Бид зүйтэй гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ бол сайн дохио. Шатахууны үнэ, татварын асуудал яриагүй.
-Говьсүмбэр аймгийн Засаг дарга хууль зөрчсөн гэх үндэслэлээр иргэд Цэцэд ханджээ. Та энэ тухай мэдсэн үү?
-Цэц, шүүхэд өгдөг зүйл өдөр бүр л болдог. Намайг 1.7 жил ажиллахад хэдэн ч удаа шүүх, Цэцэд өгөв дөө. Говьсүмбэрийн асуудлыг мэдэхгүй юм. Ер нь бол орон нутгаар тоглож байна. Энэ нөхрийг Засаг даргаар томилчихлоо, батламжлаад өг гээд над руу ирүүлэх юм. Батламжлаад явуулахаар маргааш нь өөр хүн томилогдчихсон гэдэг. Яасан гэхээр өмнө нь ажиллаж байгаад огцорсон хүнийг шүүх томилчихсон, одоо энэ хүнээ томилуулмаар байна, өмнөх шийдвэрээ хүчингүй болгоод өг гээд дахиад хүрээд ирнэ. Ийм завхарсан юм Дундговь аймаг дээр болсон. Иймэрхүү л засаг төртэй дампуу юм байна даа.