Н.МӨНХЖИН
Техас мужийн Уайт-Сетлмент хотын номын санд зургаан жил амьдарсан Браузер хэмээх муурыг дэлхийн олон орны иргэдийн хүсэлтийн дагуу тэнд нь үлдээхээр боллоо хэмээн Independent сонин уламжлав. Мууранд харшилтай уншигчдын гомдлоор муурыг номын сангаас гаргаж өөр газар аваачих шийдвэр гараад байсан юм. Гэвч Браузерийг номын санд нь үлдээхийг хүссэн 1800 орчим цахим шуудан Герман, Франц, Малайз, Канадаас, Америкаас ирсний дараа хотын зөвлөл яаралтай хурал хийжээ. “Тэр бидэнтэй хамт зургаан жил амьдарсан. Олон номын санд байдаг хулганын асуудлыг шийдэхийн тулд тэр ирж байсан. Браузер энэ асуудлыг шийдсэн” хэмээн Уайт-Сетлмент хотын зөвлөлийн гишүүн ярилаа. Ийнхүү муурыг номын санд нь үлдээхээр болсон ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин