Д.ГЭРЭЛ

УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр хуралдуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тэгвэл өчигдөр АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй тус намынхан Анхдугаар чуулганы тов болон Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг учир дутагдалтай байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын сонгуулийн дүнг зарим дүүрэг, хэсгийн хороодод хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас өнөөдөр чуулганыг хуралдуулах нь хууль бус гэж үзэж байгаа аж.

Энэ тухайгаа АН-ын дарга З.Энхболд “УИХ-ын тухай хуульд заасны дагуу Анхдугаар чуулганыг зарлахдаа Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан намуудтай зөвшилцөх ёстой. Тэгвэл зөвшилцөх ажил хийгдээгүй байгаа. Тиймээс Анхдугаар чуулганыг хийх нь зохимжгүй байна. Учир нь дөрвөн төрлийн зөрчлийг нягтлах хэрэгтэй. Бид энэ дагуу Цэцэд өргөдөл өгсөн байгаа” гэсэн тайлбарыг хийв. Зөрчлийн хувьд АН-ынхан хууль хяналтын холбогдох байгууллагууд хэд хэдэн асуудлыг шалгах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Тэр дундаа долоо хоногийн өмнө АН “60 тэрбум төгрөгөөр төрийн албыг зараад, тэр мөнгөөрөө сонгуульдаа орох” тухай МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын бичлэгийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан ч ямар нэг шалгах ажиллагаа явуулаагүй аж. Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт гарын үсэг зурсан саналын хуудас авсан иргэдийн тооноос хайрцгаас гарсан саналын хуудас 234-өөр зөржээ. Түүнчлэн саналын хуудас дууссантай холбоотой Баян-Өлгий, Баянхонгор, Хэнтий зэрэг аймагт хувилсан саналын хуудсаар санал авсан байна. Тиймээс АН-ынхан хувилсан саналын хуудсуудыг хасч тооцох ёстой гэж үзсэн байна.

Эцэст нь 18 мянган “царцаа” буюу сонгогч нэг газраас хасагдаж, нөгөө газарт нэмэгдсэн. Эдгээр сонгогч өөрийн биеэр ирээгүй байхад нь итгэмжлэхээр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн зэрэг зөрчлийг шалгаж, тодорхой болсны дараа Анхдугаар чуулганыг хуралдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

АН-ынхны мэдээл­лийн дараа Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат байнгын хороог шуурхайлан хуралдуулав. Учир нь АН-ын зүгээс тус байнгын хороонд төрийн албан тушаалыг 60 тэрбумаар худалдсан эсэх асуудлаар шалгуулахаар мэдэгдэл гаргажээ. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Төрийн албан тушаалыг наймаалцах тухай яриа эвлүүлэг байсан” гэдэг тайлбарыг хийсэн ч байнгын хорооны дарга Д.Ганбат “Маргаашаас эхлээд төрийн албыг наймаалцаад эхэлбэл яах вэ. Бид хуулийн байгууллагаар шалгуулж, уг асуудалд хяналт тавих ёстой” гэснээр хуралдаан үргэлжлэв.

Энэ үеэр МАН-ын удирдлагуудын нууц бичлэг болох албан тушаалын наймаа, 60 тэрбум төгрөгийн асуудлыг хууль хүчний байгууллага шалгасан эсэх мэдээллийг сонссон байна. Байнгын хорооны зүгээс ЦЕГ, АТГ, ТЕГ-ын дарга нарыг дуудсан ч хэлтсийн дарга болон дэд дарга нь ирэв. Харин МАН-ын бүлгийнхэн энэ асуудлаар завсарлага хүсэхэд байнгын хорооны дарга 30 минутын завсарлага өгснөөр эргэж хуралдав. Шинэ парламентын гишүүд өнөөдөр тангараг өргөж чадах эсэх нь үйл явдлын өрнөлөөс тодорхой болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин