Б.ЗАЯА

МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл технологийн төвийг хариуцагчаар татсан захиргааны хэргийн шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр болов. СЕХ 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтай байдал арилаагүй гэх шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Тиймээс нэхэмжлэгч талаас СЕХ-ны шийдвэр болон цагдаагийн байгууллагын ялтай байдлыг тодорхойлсон тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн юм. Тэд нэхэмжлэлийн тайлбартаа, цагдаагийн байгууллага хуулийн дагуу ялтай, ялгүй эсэх тэмдэглэгээ хийж өгөх байтал хууль тайлбарлаж эрх мэдлээ хэтрүүлсэн, Өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж ялгүй байдал арилсан нөхцлийг эсрэгээр нь тайлбарласан, СЕХ эрхзүйн үндэслэлгүй тогтоол гаргасан гэж үзжээ. Шүүх хурал өнгөрсөн сарын эхээр товлогдсон ч хэдэнтээ хойшилсон. СЕХ-ны шийдвэрийн үндэслэл цагдаагийн байгууллагын ялтай байдлын тодорхойлолт байсан учраас хариуцагчаар тус байгууллагыг давхар татах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаснаар анхны тов хойшилсон юм. Шүүх бүрэлдэхүүн цагдаагийн байгууллагыг хариуцагчаар татах шаардлагагүй хэмээн мэдэгдэж байсан ч нэхэмжлэгч талын гаргаж тавьсан хуульзүйн үндэслэлээр няцаагдсан билээ. Дараагийн удаа нэхэмжлэгч талын хүсэлт, нэхэмжлэл бүрэн хангагдаагүй байснаас дахин хойшилсон. Тодруулбал, тус шүүх хуралд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзсэн. Тус газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын 2009 болон 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдсан байдал нь ялтай байдал бүрэн арилж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан юм.

Түүнчлэн шүүх хуралд цагдаагийн байгууллагаас ирүүлсэн ялтай байдлыг тайлбарласан 250 гаруй хуудас материалыг нэхэмжлэгч талынхан судлах шаардлагатай гэдэг үүднээс шүүх хурал хойшлоод байсан юм.

Шүүх хурал өчиг­дөр 15:30 цагт эхлэв. Нэхэмжлэгч Н.Энхбаяр бо­лон түүний итгэмж­лэгд­сэн төлөөлөгч Ц.Баттөр, Л.Мөнхсайхан, хариу­цагч талаар СЕХ, ЦЕГ, тус газрын Мэдээлэл тех­нологийн төвийн мэр­гэ­жилтэн, гэрчээр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир нар оролцов. Талууд байр сууриа хамгаалж, асуулт хариултын журмаар дөрвөн цаг орчим үргэлжилсэн мэтгэлцээний явцад цагдаагийн байгууллага хууль тайлбарласан ялтай байдлын талаарх то­дор­х­ойлолтоо бүрэн тайлбарлаж мэтгэлцэж чад­­сангүй. Гэрчээр оролц­­сон ХЭҮК-ийн байр суурь ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг сон­гуульд оролцох эрх чө­лөөтэй болохыг баталсан юм. Ийнхүү таван цаг үргэлжилсэн шүүх хурлын дүнд шүүх бүрэлдэхүүн СЕХ хууль зөрчөөгүй, цагдаагийн байгууллагаас гар­гасан ялтай, ялгүй байдлын тодорхойлолтыг зөв, буруу эсэхийг тогтоох боломжгүй гэв.

Шүүх хуралд оролцсон ажиглагчид шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэд ойлгоогүй, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Нэг ёсондоо, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх цагдаагийн байгууллагаас гаргасан ялтай байдлын тодорхойлолтыг бүтэн сарын турш хэлэлцсэний үр дүнд зөв, бурууг дэнсэлж чадсангүй. Ялтай, ялгүй байдлыг шийдэх боломжгүй  хэмээн шийдвэр гаргасан хэрнээ ялтай байдал арилаагүй гэсэн цагдаагийн тодорхойлолтыг үндэслэн шийдвэр гаргасан СЕХ-г зөв гэсэн нь үл ойлгогдохоор, хачирхалтай байв.

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч МАХН-ын дарга Н.Энхбаяр жүжиг хэмээн тодотгож байв. Учир нь түүнийг 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхийг ч СЕХ-ноос үндэслэлгүйгээр хасч байсан юм. Тухайн үед төрийн эрхэнд Ц.Элбэгдорж, Засгийн эрхийг МАН барьж байлаа. Тэгвэл энэ удаагийн бүтэн сарын турш үргэлжилсэн, нэхэмжлэгч талыг хүсэлтийг удаашруулж, хүндрүүлэн байж 2016 оны сонгуулийн дараа шүүх хурал болж байна. Энэ удаад ч Засгийн эрхэнд МАН байна. Ийм үед шүүх бүрэлдэхүүн СЕХ-ны шийдвэрийг зөв хэмээсэн нь одоо ч улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилж байгаа уур амьсгал, хардлага нэгэнт бий болж байна. Энэ тухай ч МАХН-ын дарга Н.Энхбаяр онцолж байв.

ТэрээрШүүхийн шийдвэр ингэж гарч магадгүй гэж таамаглаж байсан. Шүүх хурлын үеэрТа нар дээрээс өгсөн даалгаврын дагуу шударга ёсны эсрэг шийдвэр гаргах нь ойлгомжтой. Гэхдээ тэглээ гээд дуугүй байлтай биш. Түүх бичигдэж байгаа учраас протоколд өөрийнхөө байр суурийг илэрхийлнэгэдгээ хэлсэнШүүх бүрэлдэхүүн гурван өгүүлбэр хэлэхийн тулд хоёр цаг орчим алга болж байгаад ирлээ. Тэд Ц.Элбэгдоржоос, эсвэл Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригоос ямар шийвэр гаргахаа асуусан байх. Яагаад гэвэл Ч.СайханбилэгЦ.Элбэгдоржоос өгсөн даалгаврын дагуу таны энэ асуудлыг зориуд хууль бус лавлагаа, дүгнэлт гаргаж сонгуульд оролцуулахгүй гэсэн үйл ажиллагаа явагдаж байнагэж тухайн үед хэлж байсан. Сүүлд нь өөрөө улайм цайм оролцох болсон. Энэ зөвхөн Ч.Сайханбилэгийн ажил биш. МАН-ын толгойд байгаа хүмүүс ч үүнтэй холбоотой. Учир нь 2012 оны сонгуульд МАН олонх байсан. Тэгэхэд хүртэл намайг сонгуульд оролцуулаагүй. Үндэслэл нь УИХ-ын гишүүн болох мэдлэг боловсрол дутуу гэсэн. Энэ удаа ч шал худлаа асуудлаар дахин хаслаа. Надад хүчээр хэлмэгдүүлж тулгасан ял нь өршөөгдөөд тэр хууль гарснаар үндсэн болон нэмэгдэл ял өршөөгдөөд тэрний үр дагавар болсон ялтай, ялгүй асуудал нэг мөр шийдэгдэж ялгүй болсоор байтал зориуд өнөөдөр мэдэн будилсаар байгаад таарлаа. Шүүх хурлын мэтгэлцээн дээр цагдаагийн байгууллага хариулж чадахгүй байсан. Тийм байхад шүүгч өмнөөс нь өмөөрсөн байдлаар асуулт тавьж, чиглүүлсээр байгаад цагдаагийн байгууллага, сонгуулийн байгууллага буруугүй болж хувирлаа. Шүүгчид гурав­хан өгүүлбэр хэл­сэн. Гомдолтой бол давж заалдаарай. Хоёрт нь, СЕХ буруугүй. Цаг­даагийн бичгийн талаар бид мэдэхгүй гэж. Ийм гурван өгүүлбэр хэлэ­хийн тулд гурван цаг болж байна. Ерөөсөө зургадугаар сарын эхээр асуудлыг тавьж байхад шүүх асуудлыг удаагаад байсан. Янз бүрийн байдлаар тайлбарласан, тэд. Бид ч давж заалдсан. Гэтэл сонгууль өнгөрүүлж шийдэхдээ Н.Энхбаяр, МАХН буруутай. Бусад нам, байгууллага буруугүй гэж байна. Энэ бол цэвэр луйвар. Бид энэ асуудлаар давж заалдана. Монголд ч тэр, олон улсын байгууллагад ч тэр давж заалдана.

Тэгээд ч бид ийм луйврын сонгуулийг зөвшөөрөхгүй. МАН-ын 60 тэрбумын асуудал, АН-ын томилсон Бүртгэл, статистикийн газрын дарга С.Мэндсайхан СЕХ-ны өмнүүр орж сонгуулийн байгууллагуудыг шууд удирдаж сонгуульд яаж саналаа өгөхийг зааварласан бичиг өгч байсан. Ийм байдлаар аль аль намаас сонгуулийг будлиулсан ажиллагаа их хийлээ. Наад зах нь гэхэд манай намаас нэр дэвшигч Ц.Оюунсайхан Чойжамц хамбатай авхуулсан зургаа сурталчилгааны материалд тавьсныхаа төлөө санал хурааж байгаа өдөр СЕХ нэр дэвшигчээс нь хассан. Тэд МАХН-ыг зориуд сулруулах, ард түмний дунд нэр хүндийг нь гутаах, нэр дэвшигчдийн авч болох, авах ёстой саналыг доошлуулах зэргээр санаатай хууль зөрчсөн үйлдэл хийсэн. МАХН-ын хүмүүс болохоор хасагддаг. АН, МАН-ынхан болохоор хасагддаггүй. Ийм шударга бус байдлыг засна. Бид бууж өгөхгүй. Мэдээж хэрэг айлгах заналхийлэх, сүрдүүлэг ирж байна. Гэхдээ бид ард түмнээ зөв, зүйтэй сонгууль өгч суртал, жинхэнэ ардчилал Монголд тогттол нь энэ тэмцлээ үргэлжлүүлнэ” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин