Б.ЗАЯА
МАН-ын сонгуулийн штабаас 19.30 цагт шуурхай хурал зарлалаа. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Су.Батболд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн тухай Засгийн газрын мэдээллийн тухайд тайлбар хэлэв. Тэрээр “Намын сонгуулийн штаб руу иргэд сонгогчдын зүгээс нэг асуудлыг маш олноор тавьж, бид бүхнийг дахин байр сууриа илэрхийлэхийг хүссэн шахалт шаардлага ирүүлж байна. Тодруулбал, Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан тухай, хувийн компанид худалдсан тухай мэдээлэл. Олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслээр Засгийн газрын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид хувьчилсан шийдвэрийг Монголын ард түмэнд өмчийг нь буцааж өглөө, зөв зүйтэй шийдвэр болсон тухай олонтаа давтан байна. Өчигдөр МАН-ын зүгээс хийсэн мэдэгдлийг дахин хүргэе.
МАН монголчуудын өмч болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмний өмч байх ёстой гэдэгт хатуу байр суурьтай байна. Монголын ард түмний өмчийг хоёрхон жилийн өмнө байгуулагдсан, хэн ч мэдэхгүй 28-хан настай залуу удирдаж байгаа “Монголын зэс” хэмээх компанид хувьчилсан явдалд эсэргүүцэж байна. Энэ 49 хувийг Монголын ард түмэн эзэмшиж, Монголын баялгийн жинхэнэ эзэн болох учиртай. Ямар ч утгаар үүнийг зөвтгөх бололцоо байхгүй. Энэ асуудлаар Засгийн газар УИХ-д мэдэгдэж, УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргах ёстой байтал АН-ын дарга нь сонгуулийн санал хураах явцад үүнийг өөгшүүлсэн мэдэгдэл хийж, Монголын ард түмэнд өмч нь ирлээ гэсэн байдлаар тархи угаалт явагдаж байгааг МАН-ын сонгуулийн штабын зүгээс хүчтэй эсэргүүцэж байна. АН залуучуудаар компани байгуулж, залуучуудыг хууль бус үйлдэлдээ татаж олон Дэнзэнгүүдийг төрүүлж байгаа явдалд МАН шийдвэртэй эсэргүүцэж илэрхийлж байна. МАН энэ асуудлаар сонгуулийн дараа ҮХЦ-д хандана” гэв.
Түүнчлэн сонгуулийн саналын хуудас дууссан асуудлаар ч байр сууриа илэрхийлсэн юм. Энэ тухайд тэрээр бас “СЕХ-ны хариуцлагагүй үйл явдлаас болж сонгогчид саналаа өгөх эрхгүй болж байна. Тухайлбал, Архангай, Завхан, Баян-Өлгий, Увс аймгийн иргэд санал хураах байран дээр очоод 1-2 цаг хүлээж саналын хуудас хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар саналыг нь өгүүлэхгүй байна гэсэн гомдол ирж байна. Энэ бол сонгогчдын эрхэнд ноцтой зөрчсөн үйлдэл. СЕХ өөрийн үүргээ хангалттай биелүүлээгүй. Энэ нөхцөл байлдал магадгүй сонгуулийг хүчин төгөлдөр бус болгож мэдэх юм. Дөнгөж сая СЕХ-ны дарга мэдээлэл хийхдээ аймаг, нийслэлд дутаж байгаа саналын хуудсыг хувилж явуулын хайрцгаар санал авах журам баталлаа гэсэн. Энэ нь Сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа зүйл. Энэ нь Сонгуулийн хуулийн 84.10-ийг зөрчиж хүчинтэй бус саналын хуудсаар санал авах, үүнтэй холбогдуулан гаргасан тогтоол нь хууль бус. Үүнээс үүдэн бий болсон сонгогчдын санал өгөх эрхийг хязгаарласан, сонгогчдын эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдлийн эцсийн хариуцлагыг СЕХ хүлээнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.
19:30 цагийн байдлаар нэр дэвшигчид Сонгуулийн хуулийг зөрчсөн асуудал гаргаж байгааг онцолсон юм. Тухайлбал, УИХ-ын 11 дүгээр тойрог буюу Говь-Алтай аймагт АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатарын менежер н.Эрдэнэбилэг энэ сарын 26-нд бусдад мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэв. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд шийдүүлсэн байна. Өнөөдөр ч О.Амгаланбаатарын төлөө санал өгөөч гэж 10 мянган төгрөг тараасан асуудал гарсан. Үүнийг цагдаагийн байгууллагад шалгуулж байна гэж МАН-ын төв штабаас мэдэгдэв. Мөн УИХ-ын долдугаар тойрог буюу Баянхонгорт АН-аас нэр дэвшигч Д.Ганбатын меенежер н.Цэндсүрэн мөнгө тараасан асуудлаар үйлдэл дээрээ баригдаад цагдаа шалгаад хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзсэн учир шүүхийн байгууллагад шилжүүлсэн мэдээлэл байна гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn