Д.АРИУН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар  уулзахаар тохиролцсон байна. Хоёр улсын төрийн тэргүүн зургадугаар сарын 29-нд утсаар ярихдаа  ингэж тохиолцсон гэж Туркийн  Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба эхэлж мэдээлжээ. Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нарын яриа  40 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ яриа “Үр дүнтэй эерэг болсон” гэдгийг Туркийн тал онцолсон бол мөн төрийн тэргүүнүүд хоёр улсын харилцааны асуудлыг авч хэлэлцсэн гэж Р агентлаг мэдээлсэн байна.

Зургадугаар сарын 26-нд Туркийн Ерөнхийлөгч уучлал гуйсан захидал илгээсэн гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч зарласан. ОХУ-ын Су-24 онгоцыг Туркийн тал сөнөөж, нисгэгч нь амь үрэгдсэнд уучлал гуйж, нисгэгчийн ар гэрт нөхөн олговор олгоно гэдгээ Туркийн Ерөнхийлөгч захидалдаа бичсэн нь тодорхой болсон.

2015 он арваннэгдүгээр сарын 24-нд Сирид алан хядагчдад агаараас цохилт өгөх ажиллагаанл оролцож байсан ОХУ-ын Су-24 онгоцыг Туркийн тал сөнөөж, улмаар энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйхгүй гэж Туркийн Ерөнхийлөгч мэдэгдсэн. ОХУ хариуд нь Турк улсад эдийн засгийн хориг тавьсан юм. Ингэснээр хоёр улсын харилцаанд хямрал үүсээд байсан билээ.  Харин энэхүү уучлал гуйсан захидал нь хоёр улсын хүйтэрсэн харилцааг зөөллөх алхам болж байгааг олон улсын ажиглагчид тэмдэглэж байна.

Эх сурвалж: www.polit.mn