
М.ГАН
Хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр хэвлэлийнхэнтэй Төрийн ордонд уулзлаа. Сэтгүүлчид нийслэлтэй холбоотой олон асуултыг Ерөнхий сайдад тавьдаг учир Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад оролцуулжээ. Тэрээр энэ онд нийслэлийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Олон зүйл дурдсанаас онцгой хэдийг нь тоймлов.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг энэ онд эхэлнэ. Азийн хөгжлийн банктай хамтран 10 жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжих энэ хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эхлүүлэхээр нийслэлийн төсөвт 16.6 тэрбум төгрөг тусгажээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийх бөгөөд эхний ээлжинд таван дүүргийн 12 байршилд нийт 970 га талбайд төлөвлөлт хийнэ. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршилд 15309 га-д байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, газар өмчүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн Засаг дарга хэллээ.
Бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийг дэмжих Бичил зээлийн сан байгуулна. Нэг хороонд 100 сая төгрөг байхаар тооцож 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Бичил зээл олгох журам боловсруулж байна.
Энэ онд нийслэлд канад технологийн 17 цэцэрлэг, цэцэрлэг, сургуулийн цогцолбор 16 баригдах аж. Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах чиглэлээр энэ онд 36 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн онд 20 орчим км замын өргөтгөл шинэлэлтийн ажил хийгдсэн бол энэ онд 55 орчим км замын өргөтгөлийн ажил өрнөнө. Шинээр 44 гаруй км зам баригдана, мөн байгалийн чулуун зам, гүүрийн засвар шинэчлэлт, автомашины нүхэн гарц, явган хүний гүүрэн гарцын ажил хийгдэх ажээ. Эдгээрт нийт 74 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд нийслэл метротой болох хөтөлбөр багтсан. Ажлын зургууд хийгдэж байгаа бөгөөд барилгын ажил 2016 онд эхлэх юм байна.
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр боловсруулсан, 2020 он хүртэл үргэлжилнэ. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр компани, аж ахуйн нэгж албан байгууллагаасаа, иргэд гэрээсээ мэдээлэл үйлчилгээгээ авдаг болно гэлээ.
Энд онцлох нэг зүйл бол орон сууцны зээлийн шинэ хөтөлбөр эхлүүлэхээр төсөл бичжээ. Иргэдээс дэмжиж байгаа эсэхээр судалгаа авч эхэлсэн гэнэ. Энэ нь цалингаас өөр нэмэлт орлогогүй иргэдэд зориулсан хөтөлбөр байна. Тодруулбал, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй иргэд сар бүрийн цалингаасаа 25-30 хувийг 3-5 жилийн хугацаанд төлөөд орон сууцанд орох боломжтой төсөл юм байна. Орон сууцанд орсныхоо дараа мөн цалингаасаа 25-30 хувийг төлөөд амьдрах нөхцөлтэй. Э.Бат-Үүл даргын онцолсоноор энэ хөтөлбөрт орон нутгийн иргэд хамрагдаж болох юм байна. Тэд тухайн аймгаасаа сар бүр цалингийн хувиа төлөөд 3-5 жилийн дараа хотод ирээд байрандаа орох боломжтойг онцлов.
Хэвлэлийнхэн хогийн уут, зөвшөөрөлгүй барилга барьж буй компаниудад ямар хариуцлага тооцох талаар лавлав. Холбогдох албаныхан хогийн уутыг хугацаанд нь тоо ширхэгээр тараасан. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ гэлээ. Харин зөвшөөрөлгүй газар, хууль бусаар барилга барьж буй компаниудад тооцох хариуцлагыг чангатгана. Энэ талаар удахгүй шийдвэр гаргана гэдгийг Э.Бат-Үүл дарга онцлов.