“Эрдэнэт” үйлдвэрийг байгуулсан цагаас эхлэн Монгол Улс 51 хувийг, ОХУ 49 хувийг эзэмшиж ирсэн. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Төрийн ордонд яаралтай хэвлэлийн бага хурал зарлан, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголын тал эзэмших болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Харин Засгийн газрын өмнөх хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголын тал эзэмших тухай асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн байна. Уг асуудлаар Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар өчигдөр мөн сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийж энэ нь ямар нэгэн сөрөг асуудал үүсгэж болох талаар илүү нарийн тайлбарласан юм.
Ч.Сайханбилэг: ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ АСУУДЛЫГ УИХ-Д ТАНИЛЦУУЛНА
-Засгийн газрын тэргүүн мэдээллийнхээ эхэнд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд шилжиж байгааг албан ёсоор зарлаж буйгаа онцолсон юм. Энэ тухайгаа тэрээр “Сонгуулиас үл хамаарч Засгийн газар ажлаа үргэлжлүүлэн явуулж байгаа. Манай улс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувийг нь ОХУ-ын тал эзэмшдэг. Тэгвэл энэ 49 хувийг Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс” компани эзэмшихээр болж байна. Бид “Эрдэнэт” үйлдвэрээс 51 хувийн ногдол ашиг авдаг байсан. Үүнээс хойш Монгол Улс 100 хувийн ногдол ашгаа аваад явна” гэсэн юм.
Байгуулагдаад 40 жил болж байгаа Монгол Улс, ОХУ-ын хамтарсан тус үйлдвэрийг гэнэт Монголын тал 100 хувь эзэмших шийдвэр гаргасан нь эргээд манай улсын Үндэсний аюулгүй байдал, улс төр, эдийн засгийн салбарт ээдрээтэй асуудлуудыг дагуулж болзошгүй. Түүнчлэн хувь, эзэмшлийн асуудлыг ОХУ-ын Засгийн газартай харилцан ярилцаж, тохирсон эсэх тухай ч хөндөгдөх нь зайлшгүй. Энэ мэт олон асуудалд Ерөнхий сайд дараах тайлбарыг өгсөн юм. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн барилга байгууламжууд Монголын талд 100 хувь шилжинэ. Үүнийг дагаад Монгол Оросын хамтарсан “Монросцветмет” компани 100 хувь Монгол Улсын аж ахуйн нэгж болж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр одоо хэвийн ажиллаж байна. Цаашид ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ. Ямар нэгэн байдлаар дансыг нь хаасан, тамга тэмдэг нь хураагдсан асуудал үүсээгүй. Хоёрдугаарт, ОХУ, Монгол Улсын талууд энэ сарын 30-наас буюу маргаашаас “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар албан ёсоор холбогдох мэдэгдлүүдээ гаргаж эхэлнэ. Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын талд 100 хувь шилжүүлэх асуудлыг ОХУ улс төрийн дээд хэмжээний шийдвэрийн хүрээнд гаргасан.
Дөрөвдүгээрт, манай улс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг гадны компанид шилжүүлэхгүй. Энэ бодлогыг ОХУ-ын зүгээс дэмжиж, үндэсний аж ахуйн нэгжүүддээ өгөх асуудлаар бид албан ёсны тохиролцоонд хүрсэн болно.
Тавдугаарт, гуравдагч этгээдийн санхүүгийн төлбөр тооцоо энэ асуудалд оролцохгүй болно. Зургадугаарт, үндэсний аж ахуйн нэгжүүд 49 хувиа зарах тохиолдолд эхний ээлжинд Засгийн газар авна. Долдугаарт, Засгийн газрын зүгээс энэ асуудлыг УИХ-д танилцуулна гэсэн юм.
З.Баянсэлэнгэ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АСУУДЛААС БОЛЖ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХӨНДӨГДӨЖ БОЛЗОШГҮЙ
-Мэдээллийн эхэнд сайд нар манай улсын гадаад бодлого, олон улсын харилцаа цаашлаад Үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудалд болгоомжтой хандах ёстойг анхааруулж байв. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “...Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотой энэ мэт хууль зөрчсөн үйл ажиллагаа удаа дараа гарч байгааг нуугаад хэрэггүй” гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, ноцтой байж болзошгүй Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Тиймээс энэ асуудлыг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй хэмээн үзэж мэдээлэл хийсэн байна. Тэрээр “Өмнөх Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмших 49 хувьтай холбоотой асуудлууд орж ирсэн. Ингэхдээ нууцын зэрэглэлтэй орж ирсэн.
Миний хувьд Засгийн газрын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд асуудалтай танилцъя гэдгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Хэрэг эрхлэх газраас энэ асуудлыг танилцуулах боломжгүй гэсэн учраас үүнийг тодруулахаар Ерөнхий сайдтай уулзсан. Тухайн үед Ерөнхий сайд Оросын талын эзэмших хувийг аль нэг талд зарах гэж байгаа. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нууцын ажилтнуудад танилцуулга хийлгэхгүй гэдгийг өөрөө хэлсэн гэдгээ тайлбарласан. Тодруулбал, энэ асуудлыг үзүүлж, танилцуулах шаардлагагүй гэсэн учраас миний бие мэдээлэл хийж байна. Оросын талын эзэмших хувьцааны цаад талд “Монросцветмет” компанийн хувьцааны асуудал яригдах ёстой.
Ер нь нууцын зэрэглэлтэй орж ирж байгаа тул Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Үнэхээр Засгийн газар хоорондын гэрээний асуудал хөндөгдөн яригдаж байгаа бол хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт, Засгийн газар хоорондын гэрээний зарчмыг баримталж явах ёстой. Өөрөөр хэлбэл, Оросын тал буюу аль нэг тал нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарах тохиолдолд нөгөө талынхаа Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэний дараа нээлттэй байдлаар гурав дахь тал нь худалдан авах зарчим бий. Энэ зарчмыг баримталж ажилласангүй гэж ойлгож байна.
Цаашлаад үүнийг УИХ-аар нээлттэй ярилцах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, амьдрал ахуйг нь тэтгэсээр ирсэн. Цаашид ч тэтгэх ёстой. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа үетэй давхацуулан “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцэж, шийдвэр гаргаж байгаад бид үнэхээр болгоомжилж, сэрэмжлэх ёстой. Анхааралтай хандаж, сэрэмжлэхгүй бол магадгүй үүний цаана Үндэсний аюулгүй байдал зөрчигдөх вий гэсэн болгоомжлол байна. Миний хувьд аль нэг тохиолдолд манай Засгийн газар үнэхээр авахгүй гэсэн шийдвэр гаргасан бол Монголын тал зайлшгүй эзэмших ёстой гэдэг зарчмын байр суурин дээр байгаа. Энэ утгаараа өөрийнхөө байр суурийг Ерөнхий сайдад мэдэгдсэн.
Өнөөдрийг хүртэл би Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай танилцаагүй байна. Энэ мэтчилэн Засгийн газар асуудлыг нууцаар хэлэлцэх шаардлага байна уу, үгүй юу. Мөн бид Засгийн газрын бүрэлдэхүүнд байна гэдэг нь Засгийн газрын хэлэлцэж байгаа аливаа асуудлыг дагана гэсэн үг биш. Бид засч сайжруулж, Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа. Тогтвортой байна гэдэг нь хууль бус үйлдлийг өөгшүүлж, давраана гэсэн үг биш” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин