Д.ГЭРЭЛ
Сонгуулийн бэлтгэл ажил, сонгуультай холбоотой зөрчил хэр их гарсан талаар Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хороо болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2016.06.28/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн санал авах ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажил хангагдсан гэдгийг онцолсон юм. Энэ удаагийн сонгуулиар аймаг нийслэлийн 22, сум дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагджээ. Эдгээр сонгуулийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 20 гаруй мянган албан хаагч ажиллаж байна. Сонгуулийн санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орох гарах гарцыг бэлтгэж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан барель үсэгтэй хавтас хэвлүүлсэн байна.
УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар АНУ, ОХУ, Англи, Канад, Швед, ХБНГУ, Франц, Австрали зэрэг 50 гаруй улс, олон улсын байгууллагын 450 ажиглагч эрхээ авчээ. Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрхээ авсан байна. Сонгогч саналаа хэрхэн өгөх тухайд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгогчийн үнэмлэх хэрэглэхээ болиод удсан тул иргэн хурууны хээгээ шалгуулаад санал өгөх эрхтэй. Харин тухайн иргэний хурууны хээ янз бүрийн шалтгаан нөхцлийн улмаас гэмтэж бүдгэрсэн бол заавал иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагаагаа үзүүлж, саналаа өгнө” гэв.
Харин нийслэлийн хувьд “Нийслэлийн хэмжээнд 397 санал авах байр байгаа. Сонгууль зохион байгууллах ажиллагаанд 3966 төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид ажиллана. Зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа хуульд зааснаар өнөөдөр эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 3978 хүн зөөврийн хайрцгаар санал өгнө” гэж Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хэллээ. Зөөврийн хайрцагаар санал өгөх иргэд тав хоногийн өмнө хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд зөөврийн битүүжилсэн хайрцагаар 3978 иргэн саналаа өгөхөөр хүсэлтээ гаргасан байна. Аймгийн Сонгуулийн хороод сумдаас энэ тоог авч, нэгтгэж байгаа аж. Өнөөдөр үдээс хойш гэхэд Сонгуулийн Ерөнхий хороо дүн мэдээг гаргах юм байна. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос маргааш 12:00, 17:00, 22:00 цагт сонгогчийн ирцийн явцын мэдээллийг хүргэх юм.
Эх сурвалж: www.polit.mn
