Д.АРИУН
Их Британид зургадугаар сарын 23-нд болсон бүх нийтийн санал асуулгын дүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгдлээ. Тэрээр зургадугаар сарын 24-нд хийсэн мэдэгдэлдээ “Консерватив намын тэргүүлэх парламентад бид ирэх аравдугаар сард шинэ Ерөнхий сайдтай байх нь зүйтэй” гэж хэлсэн талаар “БиБиСи” мэдээлсэн байна.
Дэвид Камерон тус улсад ийм санал асуулга явуулна хэмээн амлаж, түүнийгээ хэрэгжүүлсэний зэрэгцээ Британи Европын холбоог орхихгүй байх талын байр суурийг баримталж, энэ талаараа хүчтэй сурталчилгаа хийж байсан билээ. Гэвч зургадугаар сарын 23-нд болсон түүхэн гэх тодотголтой санал асуулгын дүн Дэвид Камероны хүссэнээс эсрэгээр буюу 51,9 хувь нь “Их Британи Европын холбооноос гарах нь зүйтэй” гэдэг санал өгсөн нь ийнхүү түүнийг албан тушаалаасаа огцроход хүргэж байгаа юм. Хэдийгээр Дэвид Камерон албаа өгөхөөр мэдэгдсэн ч ойрын гурван сардаа албан тушаалаа хадгална гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ.
Баасан гаригт Дэвид Камерон Евро зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Еврокомиссын дарга Жан-Клод Юнкер, Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци болон Ирланд, Нидерландын Засгийн газрын тэргүүнүүдтэй утсаар ярьж, британичуудыг дэмжиж байсанд талархалаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn