М.ЦЭЦЭГ

МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй болон түүний зөвлөх гэх А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох тухай тохироо хийж  буй  баримт ил болсон. Сонгуульд хэрхэн мөнгө босгож оролцох, дараа нь албан тушаал наймаалцах талаар хоорондоо ярьсан дуу бичлэгийнхээ талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй өчигдөр тайлбар хийсэн юм. Тэрээр “Одоогоос хоёр жил гаруйн өмнө Нийслэлийн МАН стратеги, тактикаа ярих нэг тийм хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Хэн гадагш алдсаныг хууль хяналтынхнаар шалгуулна” гэв. 60 тэрбум босгох тухай хурал болсон нь үнэн, албан тушаалын наймаа ингэж хийдэг гэдгээ Ц.Сандуй дарга хүлээн зөвшөөрчээ.

Харин МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс өнөөдөр 12:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд  хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр хэвлэлийнхэн 60 тэрбумын бичлэгийн талаар тайлбар хийхийг хүссэн юм. Д.Амарбаясгалан “Манайх албан тушаал үнэд хүргэдэг, наймаалцдаг  нам биш. Ардчилсан нам удаа дараагийн сонгуульд орохдоо хүмүүст албан тушаал амалдаг гэдгийг мэднэ. Манай намаас бичлэг алдагдлаа гээд цацсан. Хэдийгээр МАХН-аас энэ бичлэгийг гаргаж тавьсан ч энэ бүгдийн цаана эрх баригчид байгаа. Манай намаас ийм яриа гарсан тохиолдол байхгүй. Манай нам дээр ийм хурал болоогүй. 8-9 төрлийн хурал, зөвлөгөөний бичлэгүүдийг хооронд нь нэгтгээд эвлүүлээд ярьсан мэт болгож олон нийтэд цацсан. Энэ талаар хууль хяналтынханд хандана. Эрх баригчдын зүгээс сөрөг хүчнийг байнгын тагнаж, чагнадаг байх магадлал эндээс бий болж байна гэсэн үг. МАН-ын өдөр тутам хийж буй, сүүлийн гурван жил хийж буй албан хурлуудын бичлэгийг бүгдийг нь нийлүүлээд  яриаг нь нэг мэт болгож цацаж байгаа нь ноцтой үйлдэл” гэв.

Эвлүүлэг байсан гэх баримтаа  олон нийтэд үзүүлж няцаахыг хэвлэлийнхэн хүссэн юм. Ц.Сандуй дарга ийм хурал болсон тухай хүлээн зөвшөөрсөн ч энэ удаагийн тайлбар зөрүүтэй байгааг лавлахад Д.Амарбаясгалан “Сандуй дарга ингэж ярьсан байна лээ. Тэр хурлаар АН-ын технологийг ч, бас МАХН-ын технологийг ч ярьж байсан.  Түүнийг нь монтажилсан байна лээ. АН манайхыг гүтгэж байгаа болохоор тэр хурлын бичлэг, баримтаа маргааш гаргаж үзүүлнэ” гэлээ.

Ийм будлиу тайлбараас олон нийт зөв мэдээлэл олж авч чадахгүй нь мэдээж. Ямар боловч МАН-ынхан 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан нь тодорхой байна. Харин хоёр жилийн өмнөх хурал, гурван жилийн турш болсон хурлын бичлэг, эсвэл огт ийм зүйл болоогүй гэсэн хоорондоо хол зөрүүтэй тайлбарууд үргэлжилсээр байна.

Эх сурвалж: www.polit.mn