С.САРУУЛ
МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд Хөгжлийн хувьсгал мөрийн хөтөлбөр дэвшүүлж Сонгуулийн хувьсгал хийхийг уриалж буй. Сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд багтаж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр зүүн, баруун хязгаарын бүх аймгийн иргэдтэй уулзаж нэр дэвшигчдээ дэмжин ажиллаж байгаа юм. Тэрээр иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ оюутны сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцдаг болох тогтолцоо руу үе шаттайгаар шилжих, 450 мянган айлыг тэг түрээсийн зарчмаар орон сууцтай болгох, Ховд, Улиастай, Хархорин, Эрдэнэт, Дархан, Чингис, Чойр, Чойбалсан хотуудыг Жаргалын найман хот болгох, чинээлэг дундаж давхаргыг бий болгох, Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хөгжлийг тэтгэсэн цахилгаан станц, холыг ойртуулах мянганы төмөр зам барих, эх хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдын эрүүл мэндийг төр хариуцдаг болох, газар тариалангийг салбарыг төрөөс дэмждэг байх зэрэг томоохон зорилтуудаа танилцуулж байгаа билээ. Иргэд хөдөлмөрчид ч халуун дотноор хүлээн авч байна.
Тэгвэл өчигдөр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Эрдэнэт хотод МАХН-аас УИХ-ын сонгуулийн 47 дугаар тойрогт нэр дэвшигч О.Баасанхүү, УИХ-ын сонгуулийн 48 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Ариунаа, УИХ-ын сонгуулийн 46 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Оюунбат нарыг дэмжин ажиллалаа. Энэ үеэр Орхон аймгийн Жаргалан суманд саатаж нутгийн иргэдтэй уулзсан юм.
Эрдэнэтчүүд МАХН-ын багийг, нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Уурхайчдын соёлын ордонд танхим дүүрэн цуглав. Уулзалтын үеэр сонгогчид дөрвөн жилийн турш УИХ-д нэр хүндтэй шударга ажилласан, чадварлаг хуульч, шинэ залуу улс төрч О.Баасанхүүг, аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа орон нутгаа хөгжүүлж чадсан Д.Оюунбат, төсөв татварын бодлогоор мэргэшсэн эдийн засгийн ухааны доктор Л.Ариунааг дэмжиж сонгуулийн хувьсгал хийнэ гэдгээ хэлж байв.
Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 47 дугаар тойрогт нэр дэвшигч О.Баасанхүү сонгогчдод хандаж “Улс орон хөгжиж байна уу гэдгийг эдийн засагтай холбон тайлбарлах хэрэгтэй. Эдийн засаг сайжирсан ч муудсан ч ядуурал арилахгүй байна. Хууль тогтоох байгууллагаар орж байгаа хууль стандартын шаардлага хангахгүй. Баян хүн улам баяжуулж, ядуу хүнийг улам ядууруулж байна. Аливаа хөгжлийг эхлүүлэхдээ хүн амаа, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн энгийн зүйлээс эхэлнэ. Залуусын боловсролд түлхүү анхаарч тэдэнд тэгш боломж өгөх хэрэгтэй. Залуу хүн ядуу байгаагаасаа биш мэдлэг боловсролгүйгээсээ ичих хэрэгтэй. Тиймээс өөрчилсөн шиг өөрчилье” гэсэн юм.
Эрдэнэт хотод хийсэн уулзалтын бас нэг онцлог нь залуучууд олноороо цугласан юм. Түүнчлэн залуусын төлөөлөл Эрдэнэтчүүдээ өмгөөлж, эрдэнэт хотыг сэргээж чадах МАХН-аас нэр дэвшигч О.Баасанхүү, Л.Ариунаа, Д.Оюунбат нарыг дэмжиж энэ удаагийн сонгуульд зоримог хариултыг өгөхийг уриалсан юм. Мөн сонгуульд нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх биш улс орноо хямралаас аварч иргэдийг ядуурлаас салгах намын мөрийн хөтөлбөрийг харж сонголт хийнэ гэв.
Эх сурвалж: МАХН-ын сонгуулийн төв штабаас бэлтгэв.